Хятадад дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын голомт болох Ухань хотын халдвар авсан өвчтнүүдийг эмчлэхэд зориулан 10 мянга гаруй эмнэлгийн орыг нөөцөд бэлдэнэ гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мягмар гаригт мэдээлжээ.
Ухань хотын янз бүрийн эмнэлгүүдэд 5300 гаруй орыг коронавирусээр халдварласан өвчтнүүдэд зориулан бэлдсэн тухай Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Жяо Яхуй хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Дараагийн үе шатанд 6000 орчим орыг нэмж бэлдэх ажээ.
Үүний зэрэгцээ Ухань хотод коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор хоёр эмнэлэг барьж байгаа бөгөөд эдгээр нь тус бүр 2000-2300 ортой. Уг хоёр байгууламжийн барилгын ажлыг хоёрдугаар сарын 2, 5-нд дуусгахаар төлөвлөж байна.
10 мянга гаруй ортой болсноор халдвар авсан болон халдвар авсан байх магадлалтай бүх хүнийг хүлээн авах хүчин чадалтай болно гэж Жяо Яхуй хэлжээ. Хятадад лхагва гаригийн өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 5974 тохиолдол мужийн зэрэглэлийн засаг захиргааны 31 бүс нутагт бүртгэгдэж, уг өвчний улмаас 132 хүн нас барсан гэж Синхуа агентлаг мэдээлэв.