Коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотоос Герман, Америк, Франц, Япон зэрэг 10 гаруй улс болон манай улс иргэдээ эх орондоо татаж авах асуудлаар Хятадын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж байна.
Одоогоор Япон улс халдварын голомтын бүсээс эх орондоо ирэх хүсэлтэй бүх иргэнээ өнөөдөр тусгай нислэгээр авч ирэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар тус улсын засгийн газраас өчигдөр өглөө мэдээлжээ.
Өнгөрсөн амралтын Ухань хот дахь Япон иргэдээс эх орон руугаа буцах хүсэлтэйг нь асууж судалгаа авснаас 50 орчим хувь нь нутаг буцахаар хүсэлтээ өгчээ.
Нийт 11 сая хүн амтай Ухань хотод коронавирусийн тархалттай холбогдуулан хөл хорио тогтоогоод байгаа. Тус хотод Японы 710 орчим иргэн амьдардаг юм ба мөн тус улсын 160 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр компаниуд Ухань хотоос өөрсдийн ажилчдаа гэр бүлтэй нь эргүүлж татах ажилд засгийн газартайгаа хамтран ажиллаж байгаа юм байна.