Франц улсын эрүүл мэндийн сайд Агнес Бузин өчигдөр тус улсад Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдварын хоёр тохиолдлыг бүртгэснээ мэдэгдлээ.
Энэ нь Европ тивд илэрсэн анхны тохиолдол бөгөөд цаашдаа ч нэмж илрэх магадлалтай байгааг мөн хэлсэн байна.
Халдвар авсан 48 настай эрэгтэйг Францын Ботон хотод тусгаарлан эмчилж байна. Тэрээр хэд хоногийн өмнө Хятадад аялаад ирсэн бөгөөд аялалынхаа үеэр Ухань хотоор дамжин өнгөрсөн гэнэ.
Харин хоёр дахь өвчтөн нь Парис хотод илрээд удаагүй байна.
Хятадын 29 муж, гадаадын найман улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Тус улсын үндэсний эрүүл мэндийн хорооны өгсөн мэдээллээр коронавирусийн халдвараар 1112 хүн өвчилсөн тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас баржээ.