АНУ-ын Вашингтон мужийн эрүүлийг хамгаалах албаныхан Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний анхны тохиолдол АНУ-д илэрсэнийг мэдэгдлээ.
“The Washington Post” сонинд мэдээлснээр саяхан Хятадаас ирсэн 30 орчим настай эрэгтэйгээс илэрсэн байна. Түүний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа аж.
Үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин БНХАУ-ын төвийн нутагт орших Ухань хотод дэгдсэн тухай Хятадын эрх баригчид нэгдүгээр сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлжээ. Уг өвчний үүсгэгч нь “2019-nCoV” коронавирус болохыг Хятадын мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 7-нд тогтоосон. Мөн уушгины хатгалгаа туссан гэж сэжиглэж байсан өвчний бүх тохиолдлыг лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Үүний үр дүнд томуу, шувууны томуу, амьсгалын замын цочмог хам шинж /SARS/, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж /MERS/ зэрэг амьсгалын замын өвчин үүсгэгчдийн жагсаалтаас хассан байна.
Хятадын эрх баригчдын мэдээлж буйгаар 291 хүн шинэ вирусний халдвар авснаас зургаа нь нас баржээ. Мөн шинэ вирус тус улсын Ухань, Бээжин, Шанхай, Шэньжэн болон бусад хотод илэрсэн тухай мэдээллээ.