Ерөнхийлөгч Володимир Зеленскийг "эдийн засгийн хангалттай мэдлэггүй" гэж ярьсан бичлэг нь ил болсны дараа Украины ерөнхий сайд огцрох хүсэлт гаргажээ.
Ерөнхий сайд Олексий Гончарук өөрийн фэйсбүүк хуудсандаа “Ерөнхийлөгчид итгэх итгэл, хүндлэлд эргэлзээ үүсгэхгүй байх үүднээс би өнөөдөр огцрох хүсэлтээ гаргалаа” гэж бичсэн байна. Энэ долоо хоногийн дундуур задарсан бичлэг Украины засгийн газрын гишүүд төв банкны удирдлагуудтай албан бусаар уулзах үед хийгджээ.
Ерөнхий сайд Гончарук “Ерөнхийлөгч эдийн засгийн анхан шатны ойлголттой хүн тул аль болох энгийн аргаар тайлбарлах хэрэгтэй” гэж ярьсан байна. Өнгөрсөн оны тавдугаар сард Володимир Зеленский Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа 35 настай Гончарукыг ерөнхий сайдаар томилсон нь Украины түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болжээ.
Баасан гаригийн орой Ерөнхийлөгч Зеленский ерөнхий сайдаа хүлээн авч уулзахдаа огцрохыг нь зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AFP