Ираны эрх баригчид Украины зорчигч тээврийн нисэх онгоцыг сөнөөсөн хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг баривчилсан тухай тус улсын Дээд шүүхийн албан ёсны төлөөлөгч Голям Хосейн Исмаили мэдээлжээ. Тэр энэ тухай “Энэ хэрэгт буруутай хүмүүсийг бид баривчилсан, гэхдээ мөрдөн шалгах ажил дөнгөж эхний шатандаа явж байна” гэсэн байна.
Америкийн цэргүүдийн байрлаж буй Иракийн баазуудад Иран улс өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт пуужингийн цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа Украины “Boeing 737-800” нисэх онгоц осолдож, 176 хүн амиа алдсан билээ. Уг онгоц пуужингийн цохилтод өртсөн байж болзошгүй гэж Өрнөдийн орнуудын удирдагчид мэдэгдсэн. Ираны эрх баригчид энэ мэдэгдлийг няцааж байсан боловч Украины онгоц руу андуурч пуужин харвасныг тус улсын Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн юм.