“Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон Японд баривчлагдсан үеийнхээ үнэн мөний талаар өгүүлэх ном гаргахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Японы Засгийн газар түүнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд К.Гон нь өөрийгөө Японы хуулийн байгууллагуудын шударга бус үйл ажиллагааны золиос болсон хэмээн үзсээр байгаа юм.
“Би К.Гонтой хамтран ном гаргахаар болсон” гэж Францын “AFP” агентлагийн Токио хот дахь салбарын дарга асан Филипп Райс “NHK” сувагт мэдээлсэн байна. Санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдсон К.Гон барьцаагаар суллагдсан хугацаандаа өөрийн эцэг, эхийн төрсөн нутаг Ливанд оргон зугтсан билээ.
К.Гон Ливанд өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр очсоноосоо хойш лхагва гаригт анх удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэхдээ, өөрийгөө “Nissan” компанийн удирдлагуудын хуйвалдааны хохирогч болсон хэмээгээд, нэрээ цэвэрлэнэ гэдгээ амласан байна.