Ираны Тегеран хотын нисэх буудлаас орон нутгийн цагаар Лхагва гаригийн өглөө хөөрсөн Боинг 737 удалгүй осолдсон тухай тус улсын ISNA мэдээллийн агентлаг мэдээллээ.
Имам Хомейни нисэх онгоцны буудлаас Украйны Киев хотыг чиглэсэн хөөрсөн уг онгоцод нислэгийн багийнхан болон 180 зорчигч байжээ. ISNA агентлагийн мэдээлсэнээр Украйны авиа компанийн тус онгоц техникийн саатлаас үүдэн осолдсон байх магадлалтай гэв.
"Аврах баг ослын газарт очсон ч онгоц шатаж, ойр орчимд гал авалцсан тул тусламж үзүүлэх боломж хомс байна" хэмээн Ираны онцгой байдлын албаны тэргүүн Пирхоссэйн Коуливанд мэдээлжээ.
Иранд осолдсон Украины нисэх онгоцонд сууж явсан бүх зорчигч амиа алдсан тухай “Reuters” агентлаг Ираны телевизийн мэдээллээс иш татан уламжлав. Иранд суугаа Украины Элчин сайдын яам нисэх онгоцны ослын улмаас амиа алдсан зорчигчдын жагсаалтыг гаргаж байгаа тухай мөн мэдээлсэн байна.
“Одоогоор эцсийн жагсаалт гараагүй байна. Бид холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож, амиа алдсан хүмүүсийн жагсаалтыг гаргаж байна” гэж ЭСЯ-ны төлөөлөгч хэлжээ.