Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоны эхнэр Кароле Гоныг баривчлах зөвшөөрөл гарсан талаар Токио хотын прокурорууд мэдээлжээ.
Каролег өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон К.Гоны шүүх хурлын үеэр худал мэдүүлэг өгсөн хэмээн сэжиглэж байгаа аж. Прокуроруудын мэдээлснээр, Кароле “Nissan” компанийн Оман дахь дистрибьютер компанийн Энэтхэг ажилтныг танихгүй хэмээн мэдүүлсэн боловч тэрбээр уг төлөөлөгчтэй олон удаа зурвас солилцсон байжээ.
К.Гоныг “Nissan” компанийн сангаас уг төлөөлөгчийн хувийн дансаар дамжуулан Оман дахь дистрибьютер рүү олон сая ам.доллар шилжүүлсэн гэж прокурорууд үзэж байгаа ажээ. Өнгөрсөн 12 дугаар сарын 30-нд Японы хилийг нууцаар давж, Ливанд очсон К.Гоныг эхнэрийн хамт тус улсад байгаа хэмээн таамаглаж байна.
Мөн Японы прокурорууд Каролег олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулахыг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагаас /Interpol/ хүсэхээр төлөвлөж байна гэв.
65 настай Карлос Гон нь Японы Ниссан, Мицубиши, Францын Рено автомашин үйлдвэрлэгчдийн бизнесийн бүлэглэлийг олон жил удирдсан бөгөөд түүнийг 2018 оны арваннэгдүгээр сард компанийн өмчийг хувьдаа зарцуулсан, татвараас зугтсан хэрэгт сэжиглэгдэн Токиод баривчилжээ.
Олон сар хорионд байсан Гоныг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Токио дахь гэрт нь хорьжээ. 24 цагийн камерын хяналтанд байсан Гон өнгөрөгч долоо хоног Ливаны нийслэлд оргон гарсан бөгөөд Японы хуулийнхан түүнийг Интерполын сүлжээгээр эрэн сурвалжилж эхээд байгаа юм.