“Манай улсын Засгийн газар “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоныг шилжүүлэн авахын тулд бүх дипломат хүчин чармайлтыг гаргах болно” гэж Япон улсын Сайд нарын танхимын дарга Ёшихидэ Сүга мэдэгджээ.
К.Гоныг өнгөрсөн долоо хоногт Японы хилийг хууль бусаар даван Ливанд очсон юм. Ё.Сүга даваа гаригт мэдэгдэхдээ "Уг хэргийн талаар анх сонсоод хэлэх үггүй болж, маш их харамссан" гэжээ. Мөн тэрбээр К.Гон хилийг хэрхэн давсныг тогтоож, дахин ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ хэмээн хэлсэн байна.
Японы эрх баригчид К.Гоныг олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулахыг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагаас /Interpol/ хүссэн гэж Сайд нарын танхимын дарга нэмж хэлжээ.
65 настай Карлос Гон нь Японы Ниссан, Мицубиши, Францын Рено автомашин үйлдвэрлэгчдийн бизнесийн бүлэглэлийг олон жил удирдсан бөгөөд түүнийг 2018 оны арваннэгдүгээр сард компанийн өмчийг хувьдаа зарцуулсан, татвараас зугтсан хэрэгт сэжиглэгдэн Токиод баривчилжээ.
Олон сар хорионд байсан Гоныг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Токио дахь гэрт нь хорьжээ. 24 цагийн камерын хяналтанд байсан Гон өнгөрөгч долоо хоногийн эхээр Ливаны нийслэлд оргон гарсан юм.