БНСУ-ын “YG” энтертайнмент 12 гишүүнтэй хөвгүүдийн шинэ хамтлагаа энэ сард танилцуулна хэмээн даваа гаригт албан ёсоор мэдээлжээ.
“Bigbang”, “Winner” хамтлагийг байгуулсан “YG” энтертайнментын шинэ хамтлаг “Treasure” нэртэй бөгөөд энэ сараас эхлэн шинэ уран бүтээлээ толилуулж эхлэх аж. “YG” 2018-2019 онд сонгон шалгаруулалт явуулж, 2019 оны дундуур 7 гишүүнтэй “Treasure”, 6 гишүүнтэй “Magnum” хамтлагийг байгуулахаар төлөвлөж байсан боловч 12 гишүүнтэй хамтлаг байгуулахаар болсон нь энэ ажээ.
“Treasure” нь “YG” энтертайнментын байгуулж буй хөвгүүдийн дөрөв дэх хамтлаг бөгөөд тус компанийн “Bigbang”, “Winner”, “iKon” хамтлаг тус тус ихээхэн амжилт гаргасан байна. Түүнчлэн “YG” энтертайнментаас сүүлд төрөн гарсан “Blackpink” охидын хамтлаг мөн өндөр амжилтад хүрчээ.
Эх сурвалж: Yonhap