Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон барьцаагаар суллагдсан хугацаандаа хувийн нисэх онгоцны ачаанд нуугдан Японы хилийг давсан гэж Туркийн “Aksam” сонин өнгөрсөн ням гаригт мэдээлжээ.
К.Гоныг Туркийн агаарын тээврийн компанийн хувийн нисэх онгоцонд суун Японы хилийг хууль бусаар давж, өнгөрсөн даваа гаригт Ливанд очсон хэмээн үзэж байгаа юм. Түүнийг барьцаагаар сулласан нөхцөлүүдэд бусад улс орон руу аялахыг хориглосон байжээ.
“Aksam” сонинд мэдээлснээр, Америкийн хоёр иргэн Дубай хотоос анх нисэх онгоцонд сууж, Осака хот руу нисчээ. Тухайн үед уг нисэх онгоцонд аудио төхөөрөмж хийх зориулалт бүхий хоёр том хайрцаг байсан байна. Уг хайрцагнуудыг Осака хотын нисэх онгоцны буудлын рентген төхөөрөмжөөр шалгах боломжгүй байсан тул илрүүлгийн гар төхөөрөмжийг ашиглан шалгасан байна. К.Гон хайрцагнуудын тусламжтайгаар Японы хилийн шалган нэвтрүүлгийг давсан ажээ.
Нислэгийн үеэр Америкийн хоёр иргэн өөрсдөд нь саад болохгүй, зочны өрөөнд орж ирэхгүй байхыг онгоцны үйлчлэгчдээс хүсчээ. Тэпнийг Истанбул хотоос хоёр дахь онгоцонд суух үед уг үйл ажиллагаанд оролцохгүй байхыг агаарын тээврийн компанийн өндөр албан тушаалтан хөлгийн багийнханд үүрэг болгожээ. Туркийн хууль сахиулагчид уг төлөөлөгчийг баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Карлос Гоны эцэг эх нь Ливан хүмүүс бөгөөд өөрөө Бразилд төрж, Францад боловсрол олсон хүн ажээ. Тэрээр Францын Michelin, Renault зэрэг компаниудаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан юм. Карлос Гон нийтдээ $80 саяын орлогоо татварын албанаас нуусан хэрэгт сэжиглэгдэн 2018 оны арваннэгдүгээр сард Токиод баривчлагдаж байв. Дараа нь түүнийг Ниссан компанийн өмч хөрөнгийг хувьдаа ашигласан хэмээн буруутгасан юм.