Сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагад холбогдуулан Саудын Араб таван хүнд ялын дээд хэмжээ оноосноос гадна гурван хүнийг шоронд 24 жилийн хугацаатай хорихоор болсон байна.
Энэ тухай прокурорын газраас даваа гарагт “Гурван ялтныг 24 жилийн хугацаатай шоронд хорино. Мөн Саудын Арабын хааны ахлах зөвлөх Сауд аль-Кахтаниг мөрдөн шалгасан боловч ял оноолгүйгээр буцааж сулласан” гэсэн байна. Албаны хүний хэлснээр Турк дахь Саудын Арабын консулаар ажиллаж байсан хүнийг ч суллаж явуулжээ.
Мөн “Мөрдлөг шалгалтын дүнд ял авсан хүмүүс болон сэтгүүлч Жамаль Хашоггийн хооронд ямар нэг дайсагнал байгаагүй” гэж прокурор мэдэгдсэн байна.
Үүний дараа бусдын гарт амиа алдсан сэтгүүлчийн хүү Салах Хашогги “Хууль шүүхийн энэ үйл ажиллагаа шударга болсон гэж бодож байна” гээд “Бид Саудын Арабын шүүх засаглалд бүх түвшинд итгэж байгаагаа баталж байна” гэж "твиттер"-т жиргэсэн байна.
АНУ-л оршин суух зөвшөөрлөөр амьдарч, ажиллаж байсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги 2018 оны 10 дугаар сарын 2-нд Турк дахь Саудын Арабын Консулын газрын байр руу орсноосоо хойш сураггүй болсны дараа “цогцсыг нь хэсэгчилж хаясан, зарим хэсэг нь олдсон” гэх зэрэг аймшигтай мэдээллүүд Саудын Араб, барууны улсуудын хоорондын харилцааг таагүй болгосон юм.
Герман зэрэг улсууд Риад руу зэвсэг нийлүүлэхийг хориглосон бол АНУ бизнесийн хувьд Саудын Арабтай харилцаагаа таслахыг хүсэхгүй байгаагаа ил тод илэрхийлээд байгаа юм.
Сэтгүүлчийн аллагыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохамед бин Салман хүлээн зөвшөөрсөн ч, энэ хэргийг захиалж үүрэг чиглэл өгөөгүй гэж мэдэгдээд байгаа юм.
mnb.mn