Суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховены мэндэлсний 250 жилийн ой ирэх онд тохиож байна. Энэ ойг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Монгол Улсын соёлын элч, Монгол Улсын консерваторийн дэд профессор, соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг дээрх ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтоо 2020 оны нэгдүгээр сарын 4-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт 19:00 цагт хийхээр болжээ.
Дашрамд дуулгахад, Төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг дэлхийн том дуурийн театраас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч билээ.