АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг шүүх ажиллагаа (импичмэнт) явуулахыг олонхын саналаар дэмжлээ. Түүнийг "албан тушаалаа хэтрүүлэн ашигласан", "конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан" гэсэн хоёр үндэслэлээр буруутгаж байна.
Эхнийх нь, Трампыг Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа эрх мэдлээ хэтрүүлж, дотоодын улс төрийн тэмцэлдээ гадаад улс орны засгийн газрыг ашиглахыг завдсан гэж үзэж байна. Мөн энэ хэргийн мөрөөр шалгасан конгрессын түр хорооны үйл ажиллагаанд зориудаар саад учруулсан гэгдэж байгаа юм.
Одоо АНУ-ын ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар шүүх ажиллагаа конгрессын дээд танхим буюу Сенатад явагдана. Сенатын гишүүдийн гуравны хоёр нь түүнд итгэл үзүүлэх боломжгүй гэж үзвэл Дональд Трампыг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах боломжтой.
Сонирхуулахад, АНУ-ын түүхэнд дэх 45 ерөнхийлөгчийн хоёрыг нь л сенат шүүж байсан ба эхнийх нь Эндрью Жэксон, сүүлийнх нь Билл Клинтон байв. Гэхдээ тэдний аль аль нь ерөнхийлөгчийн суудалдаа үлдэж байжээ. Энэ удаа ч гэсэн Бүгд Найрамдахчууд олонхи болдог сенат Дональд Трампыг суудалд нь үлдээх магадлал өндөр байна.
Эх сурвалж: CNN