Кремлийн сүлд модны наадмыг 30 жилийн дараа Улаанбаатарт зохион байгуулах болсон талаар өнөөдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс мэдээллээ.
Монголд болох Кремлийн сүлд модны наадмын найруулагчаар 2001 оноос 2013 он хүртэл хугацаанд Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулан тавьсан Валерий Шевченко ажиллах юм байна.
Энэ тухай Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев:
-"Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг байсан Кремлийн сүлд модны наадамд онц сурлагатан, авьяаслаг сурагчид оролцож, үздэг байлаа. Олон жил зохион байгуулагдалгүй тасалдсан наадмыг зохион байгуулахыг Монгол дахь найзууд маань хүсдэг байсан. Найруулагч Валерий Шевченко энэ жил Улаанбаатарт ирж ажиллах боломжтой гэсэн учраас арваннэгдүгээр сараас бэлтгэл ажилдаа яаран орсон.
Эрхүүгийн пантомим урлагийн театр-студийн удирдагч, 1998 оноос 2001 он хүртэл Сибирь ба Алс Дорнодын пантомим урлагийн театруудын "Мимолёт" Наадмын зохион байгуулагч, 2002 оноос хойш Москва хотод амьдарч, Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг 12 жил найруулан тавьсан Валерий Шевченко 30 жил завсарласан сүлд модны наадмыг зохион байгуулахаар хичээн ажиллаж байна. Хүүхэд залуучуудын хөгжлийн сан бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Энэ төсөл маань арилжааны бус гэдгийг онцолж хэлье" гэлээ.
Кремлийн сүлд модны наадмыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 400 хүний суудалтай том танхимд энэ сарын 22-29-ний өдрүүдэд 13 удаа зохион байгуулах бөгөөд Өнөр бүл, Энэрэл төвийн хүүхдүүд, Харааны бэрхшээлтэй хүүхдүүд болон Монголд ажиллаж, амьдарч байгаа ОХУ-ын иргэдийн хүүхдүүдэд зориулсан хоёр удаагийн үнэ төлбөргүй наадмыг хийх юм байна.