Ням гаригт Шинэ Дели хотын үйлдвэрт гарсан галын улмаас 43 хүн амиа алдсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь барилга дотор унтаж байсан үйлдвэрийн ажилчид байжээ.
Ослын газарт ажиллаж байгаа цагдаагийнхны мэдээлснээр, 50 гаруй хүний амийг аварч, гэмтсэн хүмүүсийг “Hindu Rao” болон “RML” эмнэлгүүдэд хүргэсэн боловч заримынх нь биеийн байдал хүнд байгаа тул амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэв.
Гудамжнууд нарийн учир аврах ажиллагаа явуулахад түвэгтэй байсан бөгөөд гал сөнөөгчид болон түргэн тусламжийн багийнхан хүн ам шигүү суурьшсан тус бүсэд нэвтэрч чадаагүй тухай Шинэ Дели хотын гал унтраах ангийн дарга Атул Гарг “Anadolu” агентлагт мэдэгджээ. Албаныхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
МОНЦАМЭ