Хэдхэн хоногийн өмнө Тайландын нэгэн байгалийн цогцолборт газраас ходоодондоо 7кг хаягдал хог, гялгар тор залгиснаас үхэлд хүрсэн бугын талаар The Guardian сэтгүүл мэдээлж байсан.
Хүн төрөлхтөний амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр бид хүрээлэн буй орчин, байгаль дэлхийдээ хичнээн халгаатай амьдарч байгаа нь үүгээр харагдаж байна.
Тэгвэл энэ долоо хоногт Шотландын арал дахь Харрис хойгийн эрэг рүү шидэгдэж үхсэн халимны гэдэснээс 100кг орчим хаягдал хог гаргажээ. Шотландын далай тэнгисийн холбоо үүний шалтгааныг тодорхойлохын тулд задлан шинжилгээ хийж үзэхэд ихэнх хувийг загасны тор, олс, уяа, хуванцар савнууд эзэлж байсан гэнэ.
Сүүлийн үед ихээр бохирдоод байгаа далай тэнгисийн иймэрхүү нөхцөл байдалд орон нутгийн иргэд ихээр харуусаж байгаа тухай BBC мэдээлэв.
Эргийн ойролцоо амьдардаг Дан Парри “Халимны гэдэснээс гаргасан хог ялангуяа загасны тор, элдэв хог хаягдлын өөдсүүдийг харах мөч үнэхээр гунигтай байсан. Хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ бид л сүйрүүлж байна” гэжээ.
Далай тэнгисийг бохирдуулаад байгаа зүйлс ихэнх нь эх газраас болон загасны үйлдвэрүүдээс гаралтай бадаг. Эдгээр амьтдын амиа алдсан тоо 2009 онд 204 байсан бол 2018 онд 930 болж өссөн тухай Шотландын далай тэнгисийн холбоо дурьдав. Дээрх далай тэнгисийг бохирдуулаад байгаа зүйлс ихэнх нь эх газраас болон загасны үйлдвэрүүдээс гаралтай гэжээ.
Б.Мөнгөнзаяа