Хятадын засгийн газраас олонтаа анхааруулж байсан ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хонг Конгийн ардчилал, хүний эрхийг хамгаалах хуулийг Конгрессоор хэлэлцүүлж баталжээ.
“The Hong Kong Human Rights and Democracy Act” нэртэй уг хуулийг өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Конгресс хэлэлцэн дэмжсэн байв. Хуулийг баталснаар АНУ-ын засаг захиргаа Хонг Конгийн автономит статус хангагдаж байгаа эсэхийг үнэлсний үндсэн дээр худалдааны онцгой нөхцөл олгох бөгөөд хэрэв Хонг Конгийн бие даасан байдал алдагдсан гэж үзвэл Хятадын эсрэг эдийн засгийн хориг тавих юм.
Мөн Хонг Конгийн өөртөө засах эрх, ардчилалд хор хүргэх шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг АНУ-ын төрийн департмент хар жагсаалтад оруулахаа амлажээ.
Дональд Трамп энэ тухай “Ши Жиньпин дарга, Хятад улс, Хонг Конгийн ард түмнийг хүндэтгэх үүднээс би энэ хуулийг баталлаа” гэсэн байна. Өчигдөр АНУ-ын Конгресс “Protect Hong Kong Act” хэмээх нэртэй бас нэг хуулийг баталсан бөгөөд уг хуулиар АНУ-д үйлдвэрлэсэн нулимс асгаруулагч хий, резинэн сум зэргийг Хонг Конг руу экспортлохыг хоригложээ.
Хуулийн төслийг Бээжингийн эрх баригчид хүчтэй эсэргүүцэж, Бээжин дэх АНУ-ын элчин сайдад эсэргүүцлийн нот бичиг гардуулжээ. Ийм хууль батлах нь Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал гэж үзэж байгаагаа илэрхийлж, хэрвээ Дональд Трамп уг хуулийг баталбал Хятадын Засгийн газар АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулсан байв.
Эх сурвалж: Reuters