Их Британий алдарт Coldplay хамтлаг байгаль орчноо бохирдуулахгүйн тулд аялан тоглолт хийхээс түр татгалзлаа.
Тус хамтлагийн гишүүд хуванцаргүй, нарны зай хураагуур ашигласан шоу хийхийг хүсэж байгаагаа хамтлагийн ахлагч Крис Мартин BBC News агентлагт өгсөн ярилцлагандаа дурьджээ.
Тэдний концерт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн хамтлагийн гишүүд санаа зовниж, үүнээс улбаалан шинэхэн гаргасан "Everyday Life" нэртэй шинэ цомогтоо зориулан аялан тоглолт хийхээс татгалзаж байгаагаа мэдэгджээ.
Крис Мартиний хэлснээр аялан тоглолтоо илүү байгальд ээлтэй хэлбэрээр зохион байгуулахад тэдэнд дахин 1-2 жилийн хугацаа шаардлагатай, ер нь ирээдүйн аялан тоглолтуудаа нүүрстөрөгч ялгаруулахгүй байхаар зохион байгуулахыг хичээнэ гэжээ.
Coldplay хамтлагийн "Everyday Life" цомог өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байгаа ба хэд хэдэн хотуудад тоглох аж. Хамтлагийнхан Лондон хот дахь тоглолтоос олсон бүх орлогоо байгаль орчин хамгаалдаг сайн үйлсийн байгууллагуудад хандивлахаа мөн мэдэгджээ.