Австрали улсад аравдугаар сарын сүүлээс эхлэн 50 орчим хэсэгт нь хуурайшилт, ган гачгийн улмаас ойн түймэр гараад байна. Түймрийн улмаас өнөөдөр Сидней хотыг утаа бүрхээд байна. Мэргэжлийн байгууллага тус хотыг ойрын хэдэн өдрийн турш утаанаас салах төлөвгүй байгааг анхааруулжээ.
Уг гамшгийн улмаас зургаан хүний амь үрэгдэж, нийтдээ 468 айлын амины орон сууц шатжээ.
Түймрийн утаа агаарын чанарт сөргөөр нөлөөлж аюултай хэмжээнд хүрсэн тул мэдээллийн хэрэгслээр дамжуулан анхааруулах мессежийг ард иргэддээ өгч буй аж. Мөн Сидней хот дахь утааны чанар зөвшөөрөгдөх хэмжээнээс найм дахин илүү байгаа ба хотын эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил, дасгал хийхгүй байхыг зөвлөжээ.
Мөн амьсгалын замын өвчнөөс хэрхэн сэргийлэх, анхны тусламж үзүүлэх талаар зөвлөмж гаргасан байна.
Үндэсний цаг уурын албаны мэдээллээр Австралийн дундаж хэм ойрын нэг сарын хугацаанд 35-аас буухгүй гэдэг нь түймэр унтраахад улам хүндрэл учруулж байгаа аж.