Өнөөдөр Япон улсын шинэ эзэн хаан Нарухито сэнтийд залах ёслол боллоо.
Эзэн хаан Нарухито тавдугаар сард хаан ширээг залгамжилснаар Японд Рэйвагийн эрин эхэлсэн бөгөөд өнөөдөр шинэ эзэн хааныг сэнтийд нь залах ёслол нь боллоо. 59 настай шинэ эзэн хаан ёслолд уригдсан 2000 орчим хүндэт зочдын өмнө “Үндсэн хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэж, улс үндэстэн, ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл байх"-аа батлан тангараглажээ.
Хаан ширээнд залах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна. Ёслолын хүндэт зочдын дотор Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз, Хятадын дэд ерөнхийлөгч Ван Чишань, АНУ-ын зам тээврийн сайд Элайн Чао зэрэг хүндтэй хүмүүс байлцав.
Өнөөдөр орой хүндэт зочдод зориулсан эзэн хааны хүлээн авалт болох бол маргааш өдөр уригдсан язгууртнуудад зориулсан цайны ёслол болно. Харин Хагибис нэртэй хар салхи дайран өнгөрч олон арван хүн амь насаа алдсантай холбоотойгоор эзэн хаан Нарухитогийн хатан хааны хамтаар хотын гудамжаар ард иргэдтэйгээ мэндчилэх ёслолыг ирэх сарын 10 болгон хойшлуулжээ. Байгалийн энэхүү гамшгийн улмаас 80 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.