Японы эзэн хаан Нарухито хаан ширээнд заларч, тус улсад шинэ эрин эхэлснийг тохиолдуулсан төрийн ёслол нийслэл Токио хотноо өнөөдөр болно. Токио хот дахь эзэн хааны ордонд ёслолын энэ ажиллагааны сүүлчийн бэлтгэлийг хангаж байгаа тухай Эн Эйч Кэй мэдээлжээ. Өнөөдөр эзэн хаан Нарухито хаан ширээнд сууж байгааг илтгэсэн хэд хэдэн ёсыг өнөөдөр үйлдэнэ.
Эзэн хаан эхлээд уламжлалт хувцас хэрэглэлийг өмсч эзэн хааны ордны гол танхим дахь Такамикура буюу хааны суудалд залрах ёстой. Такамикура нь Хэйан эриний үеийн хэлбэр загвартай. Өнөөдөр Нарухито хааны залрах энэ суудал нь 1915 онд хийгдсэн, 6,5 метрийн өндөртэй, 8 тонны жинтэй. Харин хатан хааны залрах Митёдай суудал нь эзэн хааныхаас арай жижиг хэмжээтэй.
Үүний дараа Японы Ерөнхий сайд, Засгийн газар, парламентын гишүүд болон уригдсан зочдод хандан хаан ширээнд заларснаа зарлах ёстой юм. Харин орой нь эзэн хааны ордонд шинэ эзэн хааны анхны хүлээн авалт болно. Улсын зарим нутгаар Хагибис нэртэй хар салхи дайран өнгөрч олон арван хүн амь насаа алдсантай холбоотойгоор эзэн хаан Нарухитогийн хатан хааны хамтаар хотын гудамжаар ард иргэдтэйгээ мэндчилэх ёслолыг ирэх сарын 10 болгон хойшлуулжээ.
Японы гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр шинэ эзэн хаан Нарухито хаан ширээнд заларсныг тохиолдуулсан энэ арга хэмжээнд дэлхийн 174 орны 2000 орчим төлөөлөгч оролцож байна.
Шинэ эзэн хаан Нарухито өнгөрсөн тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларч, тус улс Рэйва хэмээх шинэ эринд шилжсэн билээ. Харин энэ сарын 22-ны өдөр ёслолын томоохон ажиллагаа зохион байгуулж дэлхий нийтэд шинэ эзэн хаантай болж, шинэ цаг тоололд шилжсэнээ зарлахаар Засгийн газар нь шийдвэрлэжээ.