Өчигдөр буюу бямба гаригт Японы нийслэл Токио хот орчмын бүс нутгийг асар хүчтэй "Хагибис" хар салхи дайран өнгөрлөө. Хар салхины улмаас 9 хүн амиа алдаж, 14 хүн сураггүй болжээ.
Мөн голууд үерлэж, хөрсний нуралт үүсэн, орон сууцны хорооллууд усанд автсан байна. Япон даяар 90 гаруй хүн гэмтсэн ба зүүн хойд бүсийн 41,000 өрх гэрэл цахилгаангүй болсныг "Tohoku Electric Power" компани мэдээлжээ.
Өнөөдөр өглөөнөөс эхлэн Токио болон төв, зүүн бүсийн онц байдлыг хэсэгчлэн цуцалж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмжийг мөн цуцалжээ. Түүнчлэн "Ханэда" нисэх буудал болон хурдан галт тэрэгний ихэнх үйлчилгээ хэвийн үргэлжилж эхэлжээ.
Токио хот орчмын бүс болон Японы зүүн хойд нутгийн дайран өнгөрсөн “Хагибис” хар салхи одоо Номхон далайн гүн рүү шилжиж байна.
Үер, хөрсний гулгалтад нэрвэгдсэн бүсүүдэд аврах ажиллагаа үргэлжилж байна.