АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн өрсөлдөгч Жо Байденыг шалгахыг Украинд уриалсантай холбогдуулан түүнд итгэл үл үзүүлэх ажиллагааг /импичмент/ эхлүүлсэн үед уг хүсэлтээ мөн БНХАУ-д тавьжээ.
Д.Трамп хэлэхдээ, Хятад болон Украины аль аль нь Жо Байден болон түүний хүүг шалгах хэрэгтэй гэжээ. Мөн тэрбээр Хятад улс Байденыхныг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй гэж нэмж хэлсэн байна.
Владимир Зеленскийд нөлөөлөхийн тулд Украинд олгох ёстой байсан цэрэг-техникийн тусламжийг саатуулсан хэмээн Ардчилсан намынхан Д.Трампыг буруутгаж байгаа аж. Өнгөрсөн долдугаар сарын 25-нд Трамп, Зеленский нарын утасны ярианаас энэ бүх үйл явдал үүдэлтэй юм.
АНУ-ын Ерөнхийлөгч албан тушаалаас нь огцруулж болзошгүй импичментийн талаар пүрэв гаригт хэлэхдээ, энэ бол утгагүй зүйл гэжээ.
МОНЦАМЭ