Аравдугаар сарын 22-нд Японы шинэ эзэн хаан Нарухитог сэнтийд нь залах ёслол болно. Энэ ёслолыг тохиолдуулан тус улсын Засгийн газар 600 мянга орчим гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэхээр болсон тухай Reuters мэдээлжээ.
Өршөөлийг аравдугаар сарын дундуур Засгийн газар нь батлах бөгөөд гурваас дээш жилийн өмнө жижиг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулах гэнэ. Японд жижиг гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн, торгуулсан хүмүүсийн зарим нь иргэний эрхээ таван жил хүртэл хугацаагаар хязгаарлуулдаг тул энэ удаагийн өршөөлөөр тэдний эрхийг хугацаанаас нь өмнө сэргээнэ. Харин хорих ялтай, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулахгүй юм байна.
Өмнө нь 1989 онд эзэн хаан Хирохито нас барахад 10 сая гаруй хүн өршөөгдөж, иргэний эрхээ сэргээлгэсэн бол 1990 онд түүний залгамжлагч Акихитог хаан ширээнд залрахад 2.5 сая хүнийг өршөөжээ.