Өнгөрсөн бямба гаригийн орой Индонезийн Суматра, Жава арлуудыг зааглаж байдаг Сунда эргийн орчимд Анак Кракатоа галт уул дэлбэрснээс цунами үүсэж, улмаар 281 хүн амиа алдаж, 800 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас өнөөдөр мэдээлэв.
Өнгөрсөн аравдугаар сард Сулавеси арлын Палу хот орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа цунами үүсэхэд 2,000 гаруй хүн амиа алдсан юм. 2004 оноос хойш Индонезид нийт 10 гаруй удаагийн газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшиг болж 180,000 орчим хүн амиа алдаад байна.
Бямба гаригт болсон гамшигт үзэгдлийн улмаас 450 гаруй байшин барилга нурж сүйдсэний 9 нь зочид буудал байжээ. Мөн 350 хөлөг онгоц сүйдсэн байна. Цунами болсон дүүрэгт эргийн олон амралтын газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд амиа алдагсдын дунд амралтын өдрөө өнгөрүүлэхээр ирсэн олон жуулчин багтаж байгаа аж. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна.
Хүн амын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг Индонезийн арлуудыг тойроод 140 орчим галт уул байдаг байна.