Ням гаргийн орой болсон Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод Италийн Янник Синнер Германы теннисчин Александр Зверевийг 6:3, 7:6 (4), 6:3 харьцаагаар хожжээ.
Ингэснээр Я.Синнер Австралийн нээлттэй тэмцээнд хоёр дахь удаагаа дараалан түрүүллээ. Мөн тэрбээр Никола Пьетранжелигийн амжилтыг давж, гурван “Их дуулга”-д түрүүлсэн анхны Итали тамирчин болжээ. Н.Пьетранжели “Их дуулга”-ын хоёр цомыг өргөж байсан юм.
“Бид энэ тэмцээнд дахин түрүүлэхийн тулд маш их хичээсэн. Энэ мөчийг та бүхэнтэй хуваалцахад үнэхээр гайхалтай санагдаж байна” гэж Я.Синнер дасгалжуулагчдын багаа дурдан хэлжээ. Мөн А.Зверевт хандан “Чиний хувьд хүндхэн өдөр байлаа. Чи бол гайхалтай тоглогч шүү” хэмээн хэлсэн байна.
Я.Синнер өнгөрсөн зургаадугаар сард дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж, түүнээс хойш тасралтгүй тэргүүн байраа хадгалж байгаа юм. Австралийн нээлттэй тэмцээний финалын тоглолтын үеэр Я.Синнер болон дэлхийн чансааны хоёрдугаарт жагсаж буй А.Зверев хоёрын зөрүү мэдэгдэхүйц байлаа.
А.Зверевийн хувьд энэ бол гашуун ялагдал байсан бөгөөд тэрбээр томоохон тэмцээний гурав дахь финалдаа хожигдол амсаж байна. Герман теннисчин “Их дуулга”-ын цомыг хараахан өргөж амжаагүй дэлхийн шилдэг теннисчдийн нэг хэвээр байна.
“Үнэнийг хэлэхэд, аваргын цомд дөхөж очсон ч хүрч чадахгүй байна гэдэг үнэхээр таагүй санагдаж байна. Гэхдээ Янникт баяр хүргэе. Чи үүнийг хүртэх эрхтэй. Чи бол дэлхийн хамгийн шилдэг тоглогч” гэж Я.Зверев хэлжээ.
Өнгөрсөн бямба гарагт Америкийн теннисчин Мэдисон Киз Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн финалд Беларусийн Арина Соболенког хожсоноор анх удаа “Их дуулга”-ын цомыг өргөлөө.