АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "TikTok" нийгмийн сүлжээтэй холбоотой шийдвэрийг 30 хоногийн дотор гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
“TikTok-ыг худалдаж авах асуудлаар надтай олон хүн ярилцаж байгаа. Шийдвэрээ би 30 хоногийн дотор гаргана. Надад 90 хоног бий, Конгресс надад 90 хоногийн хугацаа өгсөн. Бид "TikTok"-ыг аварч чадах бөгөөд хэрэв аварч чадвал АНУ асар их ашиг олно” гэж тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн байна.
Д.Трамп цааш хэлэхдээ, манай улсад аль нь ашигтай вэ гэдгээс шалтгаалж уг сүлжээг би зарах эсвэл хаах эрхтэй гэдгийг та бүхэн мэднэ. Энэ бол маш алдартай сайт бөгөөд хүүхдүүд, зарим эцэг эх дуртай байдаг. Хэрэв бид энэ сүлжээг хамгаалж чадвал сайн хэрэг, эдийн засгийн үүднээс Америкт ашигтай байх болно гэж би бодож байна" гэжээ.
Д.Трампын засаг захиргаа "TikTok"-ийн хувьцааны хяналтын багцыг Америкийн "Oracle" компанид шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна гэж олон нийтийн нэгэн радиогоор мэдээлснийг тэрбээр няцаажээ. “Oracle” компанийн гүйцэтгэх захирал Ларри Эллисонтой би "TikTok"-ын талаар хэзээ ч ярилцаж байгаагүй" гэж хэлсэн байна.
Өнгөрсөн онд АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байден уг нийгмийн сүлжээг хориглох тухай хуульд гарын үсэг зурсан юм. Хуулийн дагуу "TikTok"-ыг эзэмшигч Хятадын "ByteDance" компани нэгдүгээр сарын 19-ны дотор АНУ-ын компаниудад нийгмийн сүлжээгээ худалдах эсвэл хаах ёстой байв. Энэ өдөр уг сүлжээ АНУ-д ажиллахаа больсон боловч Д.Трамп "TikTok"-т тавьсан хоригийг хойшлуулах зарлиг гаргана гэж мэдэгдсэний дараа Америкийн хэрэглэгчид дахин ашиглах боломжтой болжээ.
Нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа Д.Трамп АНУ-д уг сүлжээг хаахыг хойшлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан юм.