Колумбийн тал албадан гаргасан цагаачдыг тээвэрлэж ирсэн цэргийн нисэх онгоцуудыг хүлээж авахыг зөвшөөрснөөр АНУ, Колумбийн хооронд худалдааны дайн дэгдэхээс зайлсхийж чадлаа.
Хууль бус цагаачлалын эсрэг өргөн цар хүрээтэй кампанит ажлын хүрээнд албадан гаргасан хүмүүсийг тээвэрлэж ирсэн цэргийн нислэгийг хүлээж авахаас татгалзсаны хариуд Колумбийн импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, хориг арга хэмжээ авна гэж Д.Трамп мэдэгдсэн юм. Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петро Д.Трампын мэдэгдлийн хариуд Америкаас импортолж буй бараанд мөн ижил татвар ногдуулна гэж мэдэгдээд байв.
Гэвч Цагаан ордноос ням гаргийн орой мэдэгдэл хийж, Колумбийн тал цагаачдыг хүлээн авахыг зөвшөөрсөн бөгөөд Вашингтон хориг арга хэмжээг авахгүй гэжээ.
АНУ бол Колумбийн хамгийн том худалдааны түнш юм. Хоёр улсын хооронд 2006 онд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулжээ. 2023 онд хоёр талын худалдаа 33.8 тэрбум ам.долларт хүрч байв.
Трамп хууль бус цагаачлалтай тэмцэхээ мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт үүрэгт ажилдаа орсноос хойш хатуу арга хэмжээ авч эхэлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Мексикийн тал мөн цагаачдыг тээвэрлэж ирсэн АНУ-ын цэргийн нисэх онгоцыг газардахыг зөвшөөрөөгүй байна.
Хууль бус цагаачид болон синтетик мансууруулах бодис болох фентанилыг АНУ руу хууль бусаар оруулж байгаатай тэмцэх арга хэмжээг чангатгахын тулд хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Канад, Мексикээс импортолж буй бараанд 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна гэж Д.Трамп мэдэгджээ.