Нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх “Шинэ Зуунмод” дагуул хотыг 31501 га газарт байгуулахаар болсон билээ.
Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ажээ. “Шинэ Зуунмод” хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөний үеэр ажлын явцын талаар мэдээлэл өгчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоолоор дээрх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд хотод худалдаа, үйлчилгээ, засаг захиргаа, тээвэр логистик, үйлдвэрлэл, олон улсын нисэх онгоцны буудал агаарын карго, аж ахуй, нөөц, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулна. Мөн оюутны хотхон, судалгаа шинжилгээ болон худалдаа, бөөний төвийг байгуулахаар тусгасан байна.
Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр ярихдаа “Шинэ Зуунмод болон Зуунмод хотын дунд хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина. Эхний ээлжийн 3000 м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг “Наран рашаан” компани боловсруулж байгаа бөгөөд ажлын явц 96 хувьтай байна. Зуунмод хотоос Шинэ Зуунмод хотын нутаг дэвсгэр хүртэлх мэдээлэл холбооны 96 корын шилэн кабель 22 км урт, 48 корын шилэн кабель17 км урт бүхий холбооны шугам сүлжээний худаг сувагчлалын ажлыг “Мон кабель системс” компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын гүйцэтгэл 50 орчим хувьтай яваа. Мөн Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлэх “Zero Energy City” хотын үзэл баримтлал бүхий цогц төлөвлөлтийг Засгийн газарт танилцуулна” гэжээ.