“Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” сэдвийн хүрээнд Монгол, Орос, Хятадын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган Улаанбаатар хотноо болж байна.
Нээлтийн үеэр ОХУ болон Хятад улсын төлөөлөгчдийн хэлсэн үгийг хүргэж байна.
ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич "Эдийн засгийн хамтарсан төслүүдийг өнөөгийн нөхцөлд бодитой хэрэгжүүлэхэд тээвэр логистик, зорчигч, ачаа тээврийг хөгжүүлэх, бизнесийн уур амьсгалыг сайжруулах чиглэлээр тууштай ажиллах, санхүүгийн салбар дахь харилцаа холбоог сайжруулах асуудлуудыг шийдвэрлэх нь чухал.
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Владимирович Мишустины БНХАУ-д хийсэн айлчлал дөнгөж саяхан маш эерэг үр дүнтэй өндөрлөлөө. Бидний үзэж байгаагаар Орос-Хятадын хамтын ажиллагааны одоо байгаа болон шинэ төслүүдэд Монголын түншүүдийг идэвхтэй оролцуулах нь талуудад харилцан ашигтай, эерэг нөлөө үзүүлэх боломжтой" гэлээ.
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны Орлогч дарга Жан Шао Ган "Өнгөрсөн оны 9 дүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх нартай гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь уулзалтыг Самарканд хотноо хийж, талууд "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хөтөлбөр"-ийг таван жилээр сунгасан нь гурван талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ирээдүйд шинэ чиг хандлагыг зааж өгсөн. Төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнг тууштай хэрэгжүүлэхийн төлөө МҮХАҮТ, ОХУ-ын ХАҮТ-тай хамтран ажиллана. Энэхүү чуулга уулзалтыг шинэ боломж, гурван талт хамтын ажиллагааны өсөлтийн цэг, бизнес эрхлэгчдийг ойртуулах платформ гэж үзэж байна" гэлээ.