БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчлах гэж байна. Энэ тухай "Си Эн Эн" Хятадын албаны эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн дамжуулсан юм.
Энэ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпины Умард Солонгост хийх анхны албан ёсны айлчлал болох юм. "Си Эн Эн"-ий эх сурвалж айлчлалын товыг мэдээлээгүй ч ойрын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт хэлэлцээний дараа айлчилж магадгүй гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.
Ким Жон Уны өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Бээжинд хийсэн айлчлалаас Умард Солонгос Хятадын харилцаа харьцангуй сайжрах болсон. Энэ айлчлалынхаа үеэр Умард Солонгосын удирдагч Пхеньянд айлчлахыг урьсан. БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ урилгыг нь нааштайгаар хүлээн авсныг Умард Солонгосын төв хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Коммунист намын олон улсын асуудал эрхэлсэн газрын дарга Сон Тао Умард Солонгост Хятадын уран бүтээлчдийн багийг тэргүүлэн Пхеньянд айлчилсан. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын дээгүүр албаны төлөөлөгч Сон Таог хүлээн авч уулзаж байсан юм.