Ромын Католик шашны тэргүүн 82 настай Пап лам Өмнөд Суданы удирдагч Салва Кир Маярдит, эсэргүүцэгч хүчний тэргүүн Риек Мачар нартай уулзахдаа тэдний хөлийг үнсэж, дахин иргэний дайн дэгдээхгүй байхыг хүсчээ.
Үе мөчний архаг үрэвсэлтэй пап лам ийнхүү тэдний өмнө сөхрөн хөлийг нь үнсэн гуйсан нь тэнд байсан хүмүүсийг маш ихээр сандаргажээ.
Пап лам өөрийн туслахаар түшүүлэн босоод “Би ахан дүүсийн хувиар, чин сэтгэлээсээ та бүхнээс энхийг эрхэмлэхийг гуйж байна. Улс орны удирдагчид бол ард түмнийхээ эцэг нь байдаг. Тиймээс энхийг сахиж, эвтэй найртай байгаасай гэж би хүсэж байна” гэжээ.
Английн сүм хийдийн тэргүүний санаачилгаар Өмнөд Суданы удирдагчдийг Ватиканы ордонд ирүүлж, сэтгэл санааг нь шашны номлолоор ариутгах, гэгээрүүлэх хоёр өдрийн арга хэмжээг зохион байгуулсан байна.
Өмнөд Судан 2011 онд Суданаас салан тусгаарласан бөгөөд үүнээс хоёр жилийн дараа Ерөнхийлөгч Салва Кир Маярдит болон түүний өрсөлдөгч, босогчдын удирдагч Риек Мачар нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр 400 мянга орчим хүн амь үрэгдэж байжээ.
Харин тэд 2018 онд Этиопт энхийн гэрээ байгуулж, хамтарсан засгийн газар байгуулахаар ажиллаж байгаа аж.
Энэхүү үйл явдлын дүрс бичлэгийг Ватиканы захиргаа пүрэв гаригт нийтэд үзүүлсэн байна. Ватиканы хэвлэлүүд Пап ламын энэхүү үйлдлийг гэнэтийн, сэтгэл хөдөлгөм үйл явдал боллоо гэж бичжээ.