Өнөөдөр 2019 оны 102 дахь өдөр, харин шинэ он хүртэл 263 хоног үлдлээ.
АНУ-ыг дөрвөн удаа сонгогдон удирдаж, эдийн засгийн хямралаас гаргаж, хөгжлийн үеийг тодорхойлж байсан суут улс төрч Франклин Рузвельт 1945 оны энэ өдөр таалал төгсчээ.
Франклин Делано Рузвельт 1882 оны нэгдүгээр сарын 30-нд чинээлэг айлд төржээ. Эцэг нь аж үйлдвэрийн олон компанийн эзэн байлаа. Тэрээр 14 нас хүртлээ гэртээ суралцаж байаад Массачусетс мужийн Гротон хотын дээдийн сургуульд оржээ. Харвардад дээд боловсрол эзэмшин Колумбийн их сургуулийн хуулийн ангийг дүүргээд өмгөөлөгчийн ажил эрхэлж иржээ. Франклин тав дахь салааны холын хамаатан Элеоноратай 1905 онд гэрлэжээ. Эхнэр нь түүнийг улстөрч болгосон гол хүний нэг гэдэг. Тэрээр 1910 онд Нью-Йоркийн сенатор болжээ.
Гэтэл тэр 1921 онд саа өвчинд нэрвэгдэн бүх насаараа тахир дутуу хүний тэргэнд “хадагджээ”. Гэсэн ч энэ нь улс төрийнх нь гайхамшигтай карьерт саад болоогүй билээ. 1928 онд тэрээр Нью-Йорк мужийн захирагч болов. Ингээд 1931 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Ерөнхийлөгч болоод “Шинэ чиглэл” гэсэн санхүү, эдийн засгийн хэдэн чухал шинэчлэлийг хийж АНУ-ыг эдийн засгийн хямралаас гаргасан юм. Тэрээр 1935 ба 1939 оны ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр дахин ялжээ.
Дэлхийн II дайн эхэлсний дараа АНУ-ыг зэвсэгт тулаанд оруулахгүй байхыг аль болохоор хичээн “зарлагдаагүй дайн” гэж нэрлэсэн Зөвлөлтөд туслах эдийн засгийн тусламжаар л дайны оролцоогоо хязгаарлах хүсэлтэй байв. Гэвч 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд япончууд Америкийн Пёрл Харбор баазад халдсаны дараа АНУ Японд дайн зарласан юм. Дайны үеэр тэр Гитлерийн эсрэг эвсэл ба НҮБ-ыг байгуулахад ихээхэн зүтгэл гаргажээ. 1943 онд тэрээр дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон байв. Өөрөө нэрийг нь өгсөн гэх НҮБ-ын нээлтийг дөрөвдүгээр сарын 23-нд хийлгэхээр бэлтгэж байгаад 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд цус харван өөд болжээ. Рузвельтийн нэр Америкийн түүхэнд тус улсын хамгийн суут улстөрчдийн нэгээр бичигдсэн юм. Түүнийг нас барснаас хоёр жилийн дараа Америкийн Үндсэн хуулийн 22 дахь засвар хийгдэн ерөнхийлөгчид сонгогдох бүрэн эрхийг хоёр хугацаагаар хязгаарласан байна.
Өнөөдөр түүхэнд:
1204 он: Загалмайтны дөрөвдүгээр аян дайны үеэр Загалмайтны цэргүүд Константинополь хотын хана хэрмийг нэвтэрч, дараа өдөр нь хотыг бүрэн эзлэжээ.
1242 он: Оросын ван Александр Невскийн удирдсан цэрэг немцийн рыцариудыг Чуд нуурын тулалдаанд ялав.
1633 он: Ром хотноо Галилео Галилейг шүүх ажиллагаа эхлэв.
"Ертөнцийн төвд дэлхий биш нар байдаг. Дэлхий жилд нэг удаа нарыг тойрдог” гэсэн Николай Коперникийн “худал номнолд” автсан гэж Галилег буруутгасан байна. Эрдэмтэнг ариун инквизицийн ордонд саатуулан хорьж байв. Ордонд тэр гурван өрөөтэй, зарцтай, найз нартайгаа захидлаар харьцдаг, тэднээс илгээмж авдаг эрхтэй байсан гэнэ.
Байцаалт дээр тэр элдвээр бултах оролдлого хийгээд тэр нь бүтэмжгүй болж тамлан байцаалтын өмнө ирээд “чөтгөр намайг төөрөгдүүлжээ” гээд санал бодлоосоо татгалзжээ.
1796 он: Хорин долоон настай дивизийн генерал Наполеон Бонапарт Монтенотте гэдэг газар анхны том тулалдаандаа ялалт байгуулжээ. Тэр үед Франц Италийн эсрэг анхны аян дайн хийж, Европын орнуудын нэгдсэн нэгдүгээр эвслийн армитай байлдаж байлаа.
Тэр жил Франц гол цохилтоо Австрид хийж 42 мянга орчим хүнтэй Наполеоны армид Хойд Италийг эзлэх хоёрдугаар зэргийн зорилт тавьсан байв. Наполеоны арми Австрийн цэргийг ээлж дараалан бут ниргэж, дайны гол үүргийг гүйцэтгэжээ.
1822 он: Оттоманы засгийг эсэргүүцсэн 1821 оны бүх үндэстний бослогыг дарах зорилгоор Грекийн Хиос арал дээр Туркийн десант буув. Тэнд түүхэнд “хиосын яраглал” гэж орсон христийн сүсэгтнүүдийн эсрэг харигслал хийгджээ. Арлын 100000 хүнээс дөнгөж 2000 үлдсэний хагасыг нь дараа нь хядаж нөгөө хэсгийг нь боол болгон худалджээ. Газар дундын тэнгисийн худалдааны чухал зангилаа байсан цэцэглэсэн арал цусанд будагдан балгас болсон байна.
Энэ эмгэнэл Европыг чочроосон ба Францын зураач Эжен Делакруа хэрэг явдлыг "Хиос дахь яраглал" (4,2х3,5 м) гэсэн том зурагтаа зурсан нь одоо Луврын музейд хадгалагдан үлдсэн байгаа.
1861 он: АНУ-д иргэний дайн эхлэв. Байлдааны ажиллагаа Самтер цайзыг энэ өдөр буудсанаар эхлэн 1865 оны оны зургаадугаар сарын 23-нд генерал Стенд Уэйтийн өмнөдийн армийн бууж өгснөөр төгсчээ. Дайны явцад том, жижиг 2000 гаруй тулалдаан болжээ. Энэ дайнд Америк өөрийн оролцсон бүх дайн тулаанд амь үрэгдсэн хүмүүсээс илүү олон иргэдээ алджээ.
1871 он: Тэр жилийн энэ өдөр Парисын коммуна Наполеоны ялалтад зориулан босгосон Вандомын баганыг буулгах шийдвэр гаргажээ. Бүгд найрамдагчдийн Соёлын комиссар байсан уран зураач Гюстав Курбе баганыг буулгах устгах ажиллагааг удирдан хийсэн ба түүнийг буулгахыг хархаар 20000 хүн цугларсан байлаа.
Хувьсгалт дэглэм унасны дараа 1875 онд Вандомын баганыг эргүүлэн босгож сэргээжээ.
1903 он: Английн Истборн хотноо механикаар хөдөлдөг олон хүний суудалтай омнибусын шугам ашиглалтад оржээ. Анхны морь хөлөглөсөн омнибусууд 1662 онд Парист гарч ирсэн юм.
Хэсэг хугацааны дараа Парисын эрх баригчид доод зэрэглэлийн хүмүүсийг тээвэрлэхийг хориглосон тул зорчигчгүй болсон омнибус хаагджээ.
1914 он: Улсын хурлын газрыг байгуулах тухай тогтоолд Богд Жавзандамба хутагт гарын үсэг зурав.
1927 он: Хятадын удирдагч Чан Кай Шигийн тушаалаар Хятадын коммунист намын гишүүдийг Шанхай хотноо цаазлан хороов.
1934 он: Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй хуй салхи АНУ-ын Нью-Гемпшир мужийн Вашингтон уулын бүсэд болжээ. Тухайн үед салхины хурд 371 км/ц-ийн хурдаар хэмжигдэж байсан байна.
1945 он: Дэлхийн II дайн: Генерал Уильяам Х.Симпсоноор удирдуулсан АНУ-ын 9-р арми Элба мөрнийг гатлан Магдебург, Тангермюнд хотуудад хүрэв. АНУ-ын арми Берлин хотоос ердөө 90 гаруй км-ын зайд дөхөн иржээ.
1955 он: АНУ-ын эрдэмтэн Жонас Салк хүүхдүүдэд туслаар өгөх поли вакциныг туршиж эхлэв.
1963 он: ЗХУ-ын цөмийн торпедаар зэвсэглэсэн "К-33" шумбагч онгоц, Финландын худалдааны "Финнклиппер" онгоцтой мөргөлдөн хүнд гэмтэл авлаа.
1990 он: АНУ-ын уран барималч Жим Гери "20-р зууны үлэг гүрвэлүүд" үзэсгэлэнгээ АНУ-ын Смитсоны байгалийн түүхийн музейд дэлгэн тавив. Тус музейн түүхэнд нэг уран бүтээлч бие даасан үзэсгэлэнгээ гаргасан эхний бөгөөд эцсийн тохиолдол энэ байлаа.
1992 он: Хүүхдийн паркийн үйлчилгээ эрхэлдэг Диснейленд компани "Евро Диснейленд" компани байгуулан Францын Парис хотод соёл амралтын хүрээлэнг нээжээ.
1995 он: Дэлхийн сүлжээнд хайлтын хамгийн алдартай Yahoo систем гарч иржээ.
1999 он: АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоныг өөрийн мэдэгдэлдээ "санаатайгаар худал мэдүүлсэн" гэж үзэн дээд шүүхэд гомдол иржээ. Гэсэн ч үүнийг дээд шүүх хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэл гаргасан хүнийг торгоод өнгөрсөн байна.
2007 он: Иракийн парламентын ордон байдаг бүсэд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний уршгаар парламентын гишүүн Мохаммед Авад болон өөр бусад 20 гаруй хүн амиа алдав.
2002 он: Саудын Арабад болсон телевизийн шууд нэвтрүүлэгээр амь үрэгдсэн палестинчуудын ар гэрийнхэнд зориулан 12 сая ам.долларыг цуглуулжээ. Тус орны ван хувиасаа дөрвөн саяыг өгсөн ба бусдыг нь дөрвөн цагийн нэвтрүүлгийн явцад цуглуулсан байна.
2017 он: Өмнөд Африкий сөрөг хүчний тэргүүн Жулиус Малемагийн зохион байгуулсан "Зума огцрох ёстой" эсэргүүцлийн жагсаал нийслэл хотод нь болжээ.
М.Цогт