Христийн дахин амилсан гэх үйл явдал нь загалмайтнуудын агуу баярын нэг юм. Нүгэл, үхлийг ялан дийлж, ертөнцийн эзэн Есүс Христийн ариутган бадраасан хорвоод оршихын эхлэл гэсэн утгыг энэ баяр илэрхийлнэ. Хадан гэрээс тэнгэрт халих өдөр энэ хэрэг болсон гээд түүнийг христийн ертөнцийнхөн Пасха гэж нэрлэдэг ажээ.
Ихээхэн тарчлаан дараа үхлийнхээ гурав дахь өдөр буюу бямба гаригийн шөнө Есүс Христос өөрийн тэнгэрлэг ид шидээр амилан хүн төрхөөс хувирч асар том чулуунд дарагдсан авснаасаа чулууг хөдөлгөлгүйгээр, харуулынханд мэдэгдэлгүйгээр, тамга тэмдэгийг нь эвдэлгүйгээр тэнгэрт заларсан гэнэ. Тэр цагт харуул түүнийг мэдэлгүйгээр хоосон авсыг манаж байсан гэнэ.
Гэнэтхэн газар хөдлөлт болж тэнгэрээс сахиусан бурхан бууж ирээд авсыг тагласан чулууг зайлуулаад түүн дээр суужээ. Түүний хувцас нь цав цагаан, аянга мэт төрхтэй байв. Харуулд байсан дайчид эхлээд ухаан алдан унацгааж дараа нь сэрээд зугтжээ. Энэ өдөр буюу долоо хоногийн эхээр Мария Магдалина, Мария Иаковлева, Иоанна, Саломия зэрэг эмэгтэйчүүд ертөнцийн эзний цогцосыг оршуулахад нь угаан тослох аритгалаа хийгээгүй тул ёслолыг гүйцээхээр Есүсийн булш руу явжээ. Тэд Есүсийн булшинд харуул тавиад агуйг нь тамгаласныг мэдэлгүй, авсыг тагласан том чулууг хэн зайлуулж өгөх бол гэж ярилцан явцгаажээ. Мария Магделана бүхнээс түрүүлэн тэнд ирэхэд үүр бүрэн цайгаагүй харанхуй байв. Чулууг авснаас зайлуулсаныг харсан тэрээр Петр, Иоан хоёрт гүйн очоод “Бурханыг авснаас нь аваад явжээ. Хаана байгааг мэдэхгүй нь” гэж хэлсэн аж. Тэднийг эргэн гүйж ирэхэд чулуун дээр сууж байсан Сахиусан тэнгэр “Бүү ай, та нар цовдлогдсон Есүсийг хайж буйг мэдэж байна. Тэр энд байхгүй. Түүний байсан газар ороод үз. Дараа нь түүний шавь нарт очин түүнийг дахин амиласныг дуулга” гэж хэлсэн гэдэг.
Пасхийн баяр жил бүрийн өөр өөр өдөр тэмдэглэгдэх боловч тэмдэглэх хугацаа нь барууны христийнхэнд дандаа ням гаригт таардаг ажээ. Үнэн алдартнууд голдуу юлианы хуанлийгаар уг баярыг хийх учраас өнөөдөр тэр таарч байгаа юм.
Пасха нь бүтэн долоо хоногийн турш тэмдэглэгдэх учир түүний пасхалийн гэгээлэг долоо гэж нэрлэдэг ба Гол шүтээний хавтаснуудыг нээж байгаад мөргөл үйлддэг. Тэр нь тэнгэрийн хаалгыг христос хүмүүст нээсэн гэдгийг илэрхийлдэг байна.
М.Цогт