Өнгөрсөн мягмар гаригт ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба урьд нь сайдаар ажиллаж байсан Михайл Абизовыг улсын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр баривчилсан байна.
Тэрээр 2012 онд Засгийн газрын ил тод байдал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2018 онд түүний албан тушаалыг нь цомхотгожээ.
Абизовыг гэмт бүлэг байгуулж, Новосибирск, Алтайн бүсэд цахилгаан нийлүүлдэг компаниас 62 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгаж, хамсаатан 5 этгээдийнх нь хамт баривчилсан байна.
Мөрдөгчдийн мэдээлснээр, Абизов тэрхүү мөнгөн дүнгээ оффшор бүсэд байгуулсан компанидаа шилжүүлж, улмаар бүс нутгуудын эдийн засгийн тогтвортой байдал, эрчим хүчинд заналхийлэл учруулжээ.
Абизовын гэм буруутай нь тогтоогдвол 20 жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэгдэж болзошгүй байгаа юм байна.
Төрийн удирдах албан тушаалтан гэмт бүлэглэлд оролцсон тохиолдолд ялыг нь хүндрүүлэх саналыг өнгөрсөн лхагва гаригт ОХУ-ын Холбооны зөвлөл дэмжсэн байна.
2018 онд авлигын гэмт хэргээр шалгагдсан төрийн 1300 албан тушаалтанг Ерөнхий прокурорын газраас ажлаас нь чөлөөлсөн байна.