“Би бясалгалаар хичээллэдэг, энэ талаар надад хангалттай дадлага туршлага бий. Тэвчээр чухал гэж бодож байгаа төдийгүй ер нь бүх хүний дунд бид өөрийгөө хянаж тэвчих ёстой. Үүнийг л бид зөв хийж чадах юм бол, заавал амжилтад хүрнэ” Хуан Мануэль Сантос
Хуан Сантос Колумбын элит гэр бүлээс гаралтай хүн. Түүний өвөг эцгийн ах Эдуард Сантос 1938-1942 онд Колумбын Ерөнхийлөгч байсан, мөн “El Tiempo” сониныг үндэслэгч. Эцэг Энрике Сантос Кастильо нь сонины редактораар 50 жил ажилласан нэгэн. Үеэл ах Франсиско Сантос Кальдерон нь Дэд ерөнхийлөгч байжээ.
Хуан Мануэль Сантос 1973 онд Канзассын их сургуулийг бакалавр, Лондонгийн эдийн засгийн сургуулийг эдийн засгийн хөгжлийн мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. Харвардын их сургуулийн дэргэдэх Засгийн газрын сургуульд Төрийн удирдлагын сэдвээр магистр хамгаалсан.
1991-1994 онд Гадаад худалдааны сайд, 2000-2002 онд Санхүү, төрийн зээлийн сайд, 2006-2009 онд Батлан хамгаалахын сайдаар ажилласан.
2010 онд Колумбын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж эхний шатны санал хураалтаар 46.5 хувийн санал авсан бол зургадугаар сарын 20-нд болсон хоёр дахь шатны санал хураалтаар 69.06 хувийн санал авч Колумб улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2014 онд хоёр дахиа сонгогдож Колумбын Ерөнхийлөгчөөр 2018 он хүртэл ажилласан.
Түүний удирдлага, санаачилга, хичээл зүтгэлээр 2016 онд Колумбын Засгийн газар партизаны ФАРК (Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин) бүлэглэлтэй энхийн хэлэлцээр байгуулж тус улсад хагас зуун жил үргэлжилсэн иргэний дайныг зогсоосон юм. Үүний төлөө Хуан Мануэль Сантост 2016 оны Нобелийн Энхтайвны шагналыг “Улс орондоо хагас зуун жил гаруй үргэлжилсэн иргэний дайныг зогсооход хүчин чармайлт гаргасан” хэмээн олгосон юм.
Хуан Мануэль Сантос - Иргэний дайныг зогсоосон Ерөнхийлөгч
Колумбад арваад жил үргэлжилсэн энх амгалан 1948 онд эцэс болж либерал, консерватив намынхан сөргөлдөж энэ нь ахин 10 жил үргэлжлээд 1958 онд арайхийн хэл амаа ололцож нэгдмэл фронт болон, эвслийн засгийн газар байгууллаа.
Гэтэл либералуудын холбоотон коммунистууд энэ эвлэрлийг хүлээн зөвшөөрсөнгүй дайнаа үргэлжлүүлэн улмаар 1964 онд босогчдын ФАРК бүлэглэл байгуулан коммунист намын цэрэгжсэн жигүүр болов. Партизан коммунистуудад ЗХУ, Куба тусалж байсан ч улс оронд сөргөлдөөн улам ихэсч гэмт хэргийн бүлэглэлүүд ч бий боллоо. Засгийн газрын талд хар тамхины наймаачин Кали, Энвигадо нар орсон бол коммунистуудыг Медельины кокаины бүлэглэл дэмжиж байлаа.
Хагас зуун жилийн дайны хохирол
Колумбад ийн 50 гаруй жил үргэлжилсэн иргэний дайны золиосонд 220 гаруй мянган хүний амь нас үрэгдсэн юм. Энд сөргөлдөгч хоёр талын цэрэгжсэн бүлэглэлээс гадна энгийн номхон ард иргэд ч байлаа. Энгийн номхон иргэдийн хохирлыг 177 мянган хүн гэдэг. Үүнээс гадна сураггүй алга болсон хүний тоо 50 мянгад хүрч 5-6 сая хүн эх нутгаасаа дүрвэсэн байна.
ФАРК болохоор улс орондоо шударга ёс, нийгмийн тэгш байдал тогтоохын төлөө засгийн газартай тулалдаж байгаа гэдэг. ФАРК-ийнхан 1982 онд бага хурлаараа кокаины томоохон үйлдвэрлэгчдээс “хувьсгалт татвар” авахаар шийдвэрлэлээ. Коммунист нам ФАРК-аас албан ёсоор тусгаарлаж, босогчид өөрийн гэсэн үзэл санааны жигүүр байгуулав.
1990-ээд он гэхэд ФАРК-ийн эгнээнд 17 мянган хүн нэгдэж ид цэцэглэж байлаа. Иргэдийн нэлээд хэсэг тэднийг дэмжиж мэдээлэл, эм хэрэгсэл, хүн нийлүүлж байсан юм. Иймдээ ч босогчид улсынхаа газар нутгийн 45 хувийг хянаж байлаа.
Босогчдын хөдөлгөөний тэргүүн “Цэрэг улс төрийн манай байгууллага Колумбын эрх баригч дэглэмийн эсрэг Маркс, Ленин, Боливарын үзэл санааны үндсэн дээр тэмцэнэ. Бид дэлхий дахинд шударга ёс тогтоохыг эх орноосоо эхлүүлж социалист нийгэм байгуулахын төлөө тэмцэж байна” гэж мэдэгдэж байсан юм.
ФАРК бүлэглэлийг АНУ-ын Төрийн департамент 2001 онд алан хядагч террорист байгууллагын жагсаалтад оруулсныг Европын холбоо бас дэмжсэн байна.
Засгийн газар болохоор ФАРК-ийг олон тооны халдлага хийж, энд тэнд юм дэлбэлж, улс төрийн аллага үйлдлээ, хүн хулгайлж, дарамт үзүүлдэг хэмээн буруутгаж байв. Үнэндээ ч партизанууд Засгийн газарт дарамт үзүүлэх, төлбөр авахын тулд хүмүүсийг хулгайлан барьцаалдаг байв. 1999 онд партизанууд тус улсад хүний эрхийг хамгаалан ажиллаж байсан АНУ-ын гурван хүнийг цаазалсан юм.
Иргэний дайны хамгийн их цус урсгасан үе нь 1996-2005 он байлаа. Энэ үед ФАРК зүүний бүлэглэлүүдтэй нэгдэн Засгийн газрын эсрэг улам ширүүн сөргөлдөж цус ёстой гол мэт урсч, дунджаар найман цагт хэн нэгнийг хулгайлж байсан юм.
ФАРК-ийн уналт
2007 онд Колумбын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Альваро Урибе армиа шинэчлэн зохион байгуулж 2007 оноос босогчдын байрлал руу довтолж эхэллээ. Ингэхдээ цэргийн томоохон хүчээр дайрдаг том ажиллагааг түрэн маневрлах чадвартай тусгай салаануудыг нисдэг тэргээр дэмжин дайрдаг болгож тагнуулын ажиллагааг сайжруулан хэрэглэх болжээ. Энэ бүхний дүнд ФАРК-ийн бүрэлдэхүүний тоо хоёр дахин буурч, гол гол командлагчдын нэлээд хэсгийг нь устгаж чаджээ.
Төгсгөл, хэлэлцээр
2010 онд Колумбын Ерөнхийлөгчөөр Хуан Сантос сонгогдож өмнөх Урибегийн тактикийг үргэлжлүүлэв. Улмаар босогчид хэлэлцээр хийх санал гаргаж 2012 онд эхний шат нь Ослод болсон ч дараа нь Гаванад шилжлээ.
2015 онд Ерөнхийлөгч Сантос, партизаны толгойлогч Хименес нар Кубын тэргүүн Раул Кастрог байлцуулан анх удаагаа гар барин уулзаж байлдааны ажиллагаа зогслоо. Улмаар 2016 оны есдүгээр сарын 26-нд Засгийн газар, ФАРК бүлэглэл энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Засгийн газар ФАРК-тай хийсэн энхийн хэлэлцээрийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахад иргэдийн 50.2 хувь нь партизануудтай хэлцэл хийж, Конгресст суудал өгөх нь буруу, харин ч тэднийг шоронд хийх ёстой гэж байлаа.
Хамгийн гол нь 50 жил шахам үргэлжилсэн иргэний дайн зогсч, дайны байдал намдах нь чухал байлаа. Ард түмэн ч, Засгийн газар ч, дэлхий нийт ч чухам үүнийг л хүсэн хүлээж байсан юм. Иймдээ ч Нобелийн хороо Хуан Мануэль Сантосыг Энхтайвны шагналаар шагнаж, харин партизануудын толгойлогч Хименес түүнд Twitter-ээрээ баяр хүргэсэн юм.
Хэлэлцээрийн явц
Энэ үйл явц 1994 оны есдүгээр сараас Хуан Сантосыг Good Government Foundation сангийн тэргүүн байхаас эхэлж цэрэггүй бүс байгуулан яриа хэлцэл хийж эхэлсэн байна.
2011 оны гуравдугаар сарын 1, 2012 оны аравдугаар сарын 18-нд Норвегийн Осло хотод анхны танилцах уулзалт болж яриа хэлэлцээ эхэлжээ.
2015 оны есдүгээр сарын 23-нд Кубын нийслэл Гаванад Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, босогчдын толгойлогч Тимолеон “Тимошенко” Хименес нар Кубын тэргүүн Рауль Кастрогийн хамт гар барин, энхийн хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Улмаар 2016 оны наймдугаар сарын 24-нд Колумбын Засгийн газар, ФАРК-ийн төлөөлөгчид эцсийн тохиролцоонд хүрч хоёр өдрийн дараа Картахенед талууд гарын үсэг зуржээ.
2017 оны долдугаар сар гэхэд Колумби улс ФАРК бүлэглэлийн зэвсгийг хурааж дууссан тухайгаа зарласан. Хэлэлцээрт гарын зүсэг зурж гал зогсоосноос хойш нэг жил гаруйн хугацаанд 6800 босогч нийтдээ 14 мянга орчим зэвсгээ Засгийн газрын цэрэгт хураалгасан гэж НҮБ мэдээлж байлаа. Зэвсэг хурааж дууссан ёслол 2017 оны зургадугаар сарын 27-нд Месет хотын ойролцоох лагерьт болоход Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, ФАРК бүлэглэлийн толгойлогчид, НҮБ-ын төлөөлөгчид оролцсон байна.
Улмаар 2012 оны наймдугаар сарын 27-нд Ерөнхийлөгч Сантос Колумбын Засгийн газар сөргөлдөөнд цэг тавихын тулд ФАРК-тай хэлэлцээр хийнэ гэж зарлалаа.
Энд оролцсон гурван зүтгэлтэн энхийн бэлгэ тэмдэг болгон цагаан цамцтай байж, Сантос, Тимолеон Хименес хоёр сумны хонгиогоор хийсэн үзгээр гарын үсэг зурснаар энэ мөчөөс эхлэн Засгийн газрын цэрэг ч, босогчид ч галаа зогсоосон юм.
Хуан Сантос Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд бас Засгийн газар, ФАРК-тай тус улс дахь бас нэг аюул хар тамхины наймаатай хамтран тэмцэхээр тохиролцсон байна.
Х.Өлзийбаяр