Словакийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч ирэх зургадугаар сарын 15-нд тангараг өргөнө. Энэ өдөр одоогийн Ерөнхийлөгч Андрей Кискагийн бүрэн эрхийн хугацаа дуусах юм.
Словакийн Ерөнхийлөгч Зузана Чапутовагийн намтар
Өмгөөлөгч Зузана Чапутова өнгөрөгч бямба гаригт Словакийн Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Саналын хуудасны 99,96 хувийг тоолсны дараа тэр эмэгтэй 58,38 хувийн санал авч ялсан нь тодорхой болов. Түүний гол өрсөлдөгч Еврокомиссын орлогч дарга Марош Шефчович 41,62 хувийн санал авсан тухай ням гарагийн шөнө тус орны статистикийн албанаас мэдээлжээ.
Зузана Чапутова (Zuzana Čaputová) 1973 оны зургадугаар сарын 21-нд Чехословакийн нийслэл Братислав (өнөөгийн Словакийн нийслэл) хотод төржээ.
Тэр 1996 онд Братиславын Коменскийн нэрэмжит их сургуулийн хууль эрх зүйн магистрын зэргийг авсан байв.
Суралцаж байхдаа Пезинок хотын орон нутгийн өөрийгөө удирдах захиргааны байгууллагад ажиллаж байжээ. Эхлээд Хуулийн тасгийн туслахаар, дараа нь захиргааны орлогч дарга хүртэл дэвшин ажилласан байна. 1998 оноос тэрбээр засгийн газрын бус байгууллагуудтай хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэргийг хариуцан ажиллав. Дараа нь орон нутгийн нийгэмлэгүүдийн хөгжлийн EQ Klub төслийн менежерээр ажиллажээ.
2001-2017 онуудад VIA IURIS гэх нийгмийн байгууллагад ажиллаж, 2010 оноос тэнд өмгөөлөгч хийх болсон байна. Тэнд төрийн байгууллагын хууль эрх зүйн асуудал хариуцаж байжээ.
Пезинок хотын хогийн цэгийг хаалгасан нь түүний нэр хүндийг асар их өргөсөн байна. Энэ талын ажлаараа тэр 2016 онд Голдманы экологийн шагнал хүртжээ.
2017 оны арванхоёрдугаар сард тэр парламентын биш “Дэвшилт словак” намд элссэн байна. Тэр намынхаа орлогч даргаар өнгөрсөн оны нэгдүгээр сард сонгогджээ. 2019 оны гуравдугаар сарын 16-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Зузана Чапутова 40, 57 хувийн санал аван сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарав.
Зузана Чапутова хоёр охиноо хүмүүжүүлж байгаа өрх толгойлсон эмэгтэй юм.
М.Цогт