Энэ сарын эхээр болсон шүүх хурлаас авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан болон төрийн нууцыг задруулсан зэрэг 16 зүйл ангиар 24 жил шоронд хоригдох ял сонсоод буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ давж заалдахаас татгалзсан тухай тус улсын шүүхийн албаны хүмүүс мэдэгджээ.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Пак Гын Хэ давж заалдахаас татгалзаж буйгаа өчигдөр Сөүлийн төв дүүргийн шүүхэд мэдэгдсэн гэнэ. Тэрээр анхан шатны шүүх хурлаас эхлээд шүүх үйл явцыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн “Шүүх шударгаар шүүхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Пак Гын Хэгийн эсэргүүцэл, байр сууриас үл хамааран давж заалдах шатны шүүх хурал болох аж.
Энэ сарын 6-нд болсон шүүх хурлын үеэр түүнд мөн 18 тэрбум вон буюу 17 сая ам.долларын торгууль ногдуулсан билээ. Пак Гын Хэ нь албан тушаалаасаа буусны дараа хоригдох ял сонссон Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч болж байгаа юм. 1990-ээд оны үед Чун Ду Хван, Ро Дэ У нар мөн авлигын хэргээр яллагдаж байжээ.