Японы Сайтамад болж байгаа 2019 оны Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын залуу од Олимпын аварга Алина Загитова түрүүлж, анх удаагаа насанд хүрэгчдийн дэлхийн аварга боллоо.
Тэрээр богино үзүүлбэрт тэргүүлсэн бөгөөд чөлөөт үзүүлбэрт 155,42 оноог авч нийлбэр дүнгээр 237,50 оноо аван бусад тамирчдаас 12 оноогоор илүүрхсэн байна.
Мөнгөн медаль хүртсэн Казахстаны Елизабет Турсынбаева 224.76 оноо авсан бол хүрэл медалийн болзол хангасан дэлхийн хоёр удаагийн аварга Оросын Евгения Медведева 223.80 оноо авсан юм.
Богино үзүүлбэрийн төрөлд хоёрдугаар байранд орсон Японы уран гулгагч Каори Сакамото чөлөөт үзүүлбэрт 145,97 оноог авч нийлбэр дүнгээр 222,83 оноогоор тавдугаар байранд шалгарсан бол Рика Кихира 223,49 оноогоор шагналт дөрөвдүгээр байранд оржээ.
Одоо 16 настай Загитова 2018 оны Пёньчаны Өвлийн олимпийн наадмаас алтан медаль хүртэн хамгийн залуу уран гулгагч болж байсан билээ.
Алина Загитоваг түрүүлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнтэй шууд утсаар холбогдож баяр хүргэсэн тухай Кремлийн вэбсайтад мэдээлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Та гоо үзэсгэлэнтэйгээр, техниктэйгээр, итгэлтэйгээр түрүүллээ. Олон сая хөгжөөн дэмжигчид, үзэгчдийг гайхамшигт ур чадвараараа байлдан дагууллаа. Ийм амжилт манай улсын спортын нэр хүндийг өндөр өргөж байна. Баяр хүргэе!” гэж дэлхийн аваргад хэлжээ.