Дэлхийн хамгийн алдартай цуврал болоод буй "Game of Thrones" цувралын од, жүжигчин Эмили Кларк Нью-Йорк Таймс сонины "The New Yorker" буланд өчигдөр буюу пүрэв гаригт хувийн амьдралд нь тохиолдсон нэгэн том үйл явдлын тухай нийтлэл бичиж, олон нийтэд анх удаа дуулгажээ.
Тэрээр "Game of Thrones" цувралын эхний бүлгийн зураг авалт дууссаны дараахан буюу 2011 оны эхээр тархинд нь цус харваж, үхэл амьдралын заагт хүрч байсан тухайгаа бичсэн байна.
Амиа алдаж ч магадгүй нөхцөл байдалд байснаас үл хамааран түүний бие одоо бүрэн эдгэрсэн тухай тэр өгүүлжээ. Английн зүүн өмнөд нутгийн Оксфорд хотоос гаралтай Эмили Кларк нь "Game of Thrones" цувралд луугийн эхийн дүрийг бүтээдэг билээ.
Уг нийтлэлд дурдсанаар, Эмили Кларк тархины судасны цүлхэн буюу аневризмээр өвчилж байсан бөгөөд цувралын дундуур хоёр удаа тархины мэс засалд орж байсан байна.
Тархины судасны цүлхэн өвчнөөр өвчлөгсдийн гуравны нэг нь ойрын хугацаанд нас барах магадлалтай байдаг аж. Жүжигчин бүсгүй нэг болон хоёрдугаар цувралын хооронд эхний мэс засалдаа орсон байна. Киноны зураг авалтын зарим үеэр түүний толгой эргэж, бие нь мууддаг байжээ.
Эмили Кларк нийтлэлдээ "Би эмнэлгийн ажилтнуудаас намайг үхүүлж өгөөч гэж гуйж байсан. Учир нь миний хийдэг ажил, миний хүсэл мөрөөдөл, амьдрал тэр чигтээ хэл яриа, харилцаанд тулгуурладаг. Хэрэв энэ бүхнээ алдвал миний амьдрал ямар ч утгагүй болно. Би 7 хоногийн турш ийм байдалтай байсан" гэжээ.
Мөн Жүжигчин бүсгүй эдгээр бэрхшээлийг даван гарч, цувралынхаа төгсгөлд хүрч чадсандаа бас ирээдүйд тохиолдох олон үйл явдлын эхэнд зогсож байгаадаа баяртай байна хэмээн нийтлэлээ төгсгөжээ.
Энэ бүхний дараа Эмили Кларк өөртэй нь адил өвчнөөр шаналж буй залуучуудыг дэмжих зорилгоор "SameYou" буяны үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрээр энэ "үл үзэгдэх" өвчнөөр шаналж буй хүмүүст туслахыг хүссэн учраас өөрт тохиолдсон явдлын тухай олон нийтэд ам нээсэн гэжээ.