Казахстаны Ерөнхийлөгчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж буй (2020 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хүртэл энэ албыг хаших юм) Касым-Жомарт Токаев парламентын танхимуудын хамтарсан хуралдааны үеэр Казахстаны нийслэлийг тус улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрээр “Нурсултан” болгож өөрчлөх санал гаргажээ.
Тэрээр “Манай үеийн агуу хүн, Казахстан улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрийг дараах байдлаар мөнхлөх шаардлагатай гэж үзэж байна. Манай нийслэл Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэдэж, “Нурсултан” болох ёстой” гэсэн байна.
Түүнчлэн мужуудын төвийн хотуудын төв гудамжуудыг Назарбаевын нэрэмжит болгох санал гаргасан байна. Мөн тэрбээр анхны ерөнхийлөгч үүрд “ард түмний эцэг” байх болно гэж цохон тэмдэглэжээ. Токаев “Хуулийн дагуу Нурсултан Абишевич Назарбаев манай улсын цорын ганц үүрдийн Елбасы- ард түмний эцэг байх болно” гэж мэдэгдсэн байна.
Мөн олон нийтийн газар, төрийн албан хаагчдын өрөө, сургалтын байгууллагуудын байранд анхны ерөнхийлөгчийн хөрөг, гэрэл зургууд зайлшгүй байсан хэвээр байна гэв.
Токаев нь Москвад боловсрол эзэмшсэн, казах, орос, англи, хятад хэлтэй дипломатч бөгөөд өнгөрсөн хугацаанд Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байжээ.