Олон хоног үргэлжилсэн иргэдийн тэмцлийн үр дүнд Алжирын өндөр настай ерөнхийлөгч тав дахь удаагаа ерөнхийлөгчийн суудалд суухын тулд сонгуульд өрсөлдөх гэж байснаа больжээ. Абделазиз Бутефлика ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр тав дахь удаагаа нэрээ дэвшүүлсэн нь сүүлийн хэдэн долоо хоногийн турш Алжир даяар олныг хамарсан жагсаал цуглаан өрнөхөд хүргэсэн билээ. Тэрбээр Алжирын Ерөнхийлөгчийн албыг 20 жилийн турш хашиж байгаа бөгөөд 2013 онд цус харваснаас хойш олон нийтэд харагдах нь цөөрсөн юм. Одоо 82 настай Абделазиз Бутефлика ирэх сард болох сонгуульд ялбал 20 жил тасралтгүй ерөнхийлөгчийн алба хашсан хугацаагаа дахин таван жилээр сунгах байв.
Гэвч ерөнхийлөгч Абделазиз Бутефлика ирэх дөрөвдүгээр сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулаад, сонгуульд тав дахь удаагаа өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. “Сонгуулийн шинэ тов хараахан гараагүй байна. Танхимын халаа сэлгээг удахгүй хийнэ” гэж ерөнхийлөгчийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Түүнчлэн уг мэдэгдэлд ерөнхийлөгчийн сонгуулийг дахин товлохоос өмнө Абделазиз Бутефлика огцрох эсэх талаар дурдаагүй байна гэжээ.
Сүүлийн 30 орчим жил улс төрийн амьдрал нь тогтвортой байсан Алжир улсын хувьд энэ нь томоохон өөрчлөлт болж байна. 2011 онд Арабын хавар гэгддэг хувьсгалаар хөрш Тунис, Египет зэрэг улсуудын өмнөх дэглэм нурсан бол Алжирын хувьд тайван өнгөрсөн юм. Гэвч Бутефликагийн засаглалын хугацаанд нэг гэр бүлийн эрх мэдэл өргөжиж, ажилгүйдэл нэмэгдэн, эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон нь Алжирын иргэдийн тэвчээрийг барсан байна. Иргэний дайныг зогсоож, газрын тосны орлогоор Алжирын эдийн засгийг өөд нь татсан гавьяа Бутефликаг олон жил төрийн эрхэнд байхад нөлөөлсөн юм.
Өндөр настай ерөнхийлөгчийн эрүүл мэндийн байдал мөн түүний засаглалд итгэх ард олны итгэлд сөргөөр нөлөөлжээ. 2013 онд зүрхний шигдээсээр өвчилснөөсөө хойш Бутефлика олны өмнө ховорхон ил гарч, ихэнхдээ Швейцарьт эмчлүүлж байгаа. Тэрээр Швейцариас эх орондоо буцаж ирснийхээ дараахан ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй болсон шийдвэрийг зарласан байлаа.