x

Уинстон Черчиллийн гайхамшигт амьдрал

Гайхамшигт улстөрч, цэргийн зүтгэлтэн, сурвалжлагч, зохиолч, бас зураач энэ хүний амьдрал бүжгийн танхимын өлгүүрт төрснөөр эхэлсэн байна. Ар гэрийнхэн нь, “Төрөх чинь хэзээ хэзээгүй дөхчихөөд байна” гэж хориглосоор байхад ээж Женни Черчилль нь бүжгэнд явж, тэндээ өвдөж эхэлснээр бяцхан Уинстон Леонард Спенсер Черчилль өлгүүрт төрсөн нь тэр.

Уинстон Черчилль

Улс төр сонирхдог, ялангуяа ХХ зууны түүх, шинэ цагийн английн түүхийг уншдаг, дэлхийн хоёрдугаар дайны тухай мэддэг хүн бүр энэ хүний тухай уншаагүй, харалгүй өнгөрөөгүй нь лавтай. Фашист Германыг ялсан ялалтад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Английн ерөнхий сайдын тухай мэдэхгүй хүн бий гэж үү.

Гэхдээ Черчилль өөр олон сонирхолтой албан тушаал хашиж байсан юм шүү дээ. Тэр Дотоод хэргийн сайд байж, усан флотын анхны лорд, сангийн сайд ч байлаа.

Зарчимч, итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн зорилготой тэр бүр залуугаасаа л санаж бодсоноо, ялангуяа таалагдаагүй зүйлээ шууд хэлчихдэг байснаас бусдыг ямагт цухалдуулдаг нэгэн байсан гэдэг.

Бүр сургуульд байхдаа өөрт нь сонирхолгүй хичээлээ давтах судлахаас татгалздаг, үүнийг нь ч багш нар нь нэг их албаддаггүй, сурагчийнхаа энэ этгээд араншингаас гарах өөр арга зам хайдаг байсан гэнэ.

Боловсрол

Тэр цаашдаа Генрих VI-ийн үндэслэн байгуулсан Итоны коллежид сурсан нь цаашдынх нь улс төрийн төлөвшилд сайнаар нөлөөлсөн байна. Харамсалтай нь тэр нэг их амжилттай сурсангүй, сахилгаар ч таатай байгаагүйгээс түүнийг өөр сургуульд суралцахыг зөвлөж, тэгээд ч уушгины өвчтэйг нь бодоод ээж нь гэртээ ойр суралцуулахыг бодсоноор Харроу сургуульд суралцжээ.

Харин энд Черчилль өөрийнхөө дуртай хичээлүүдээ л үзэж өөр бусад хичээлээс шууд татгалзаж байжээ. Тэгээд ч эцэг, эх хоёр нь хүү нь багадаа 1500 гаруй тугалган цэрэгтэй, түүгээрээ хэдэн цагаар уйдахгүй тоглодог байсныг нь бодоод түүнийг цэргийн хүн болгохоор шийдсэн байна.

Энэ л чухам зөв шийдэл байснаар тэр шалгалтаа амжилттай өгсөн 12 оюутны нэг болж чадсан юм. Ингээд тэр Хатан хааны цэргийн сургуульд элссэн байна.

Цэргийн алба

Сургууль төгссөн бага дэслэгчийг шууд л торгон цэргийн хороонд хуваарилж эхний жилдээ хоёр ч хүнд шалгуурыг давсан байна. Тэр жил эхлээд эцэг нь, дараа нь яг өөрийг нь өсгөсөн асрагч Элизабет нь нас барсан байна. Залуухан офицер чөлөөт цаг бүхнээ өөрийгөө боловсруулахад зориулж байлаа. Тэр түүх сонирхож түүхийн янз бүрийн баримтуудыг анхааралтай үзэж харьцуулан судалж байлаа.

Залуу дайчны анхны байлдааны туршлага босогчдыг нь дэмжиж байсан Кубад болсон байна. Тийшээ явахын тулд эхийнхээ нэр нөлөөг ашигласан гэдэг.

Удалгүй Черчиллийн алба хааж байсан хороо Энэтхэг рүү, дараа нь Судан руу явлаа. Ингэж дөрвөн жил алба хаагаад Черчилль цэргээс халагдсан байна.

Цэргийн сурвалжлагч

Черчиллийг улс төрийн зүтгэлтэн, цэргийн албан хаагч гэж бодож байвал бас утга зохиолын хүн гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй. Цэргийн сурвалжлагч өгүүллүүдээ нийтлүүлж, бичлэгийн анхны шагналаа авсан нь санхүүгийн байдлыг ч сайжруулж, бас урам өгчээ. Уншигчид ч Черчиллийн бичлэгийг таашааж энэ нь бүр “Нью-Йорк таймс”-т нийтлэгдэж байжээ. Гэхдээ тэр ямагт хараат бус, өөрийнхөөрөө байсан гэдэг. Тэр цэргийн сурвалжлагч байхдаа зүгээр ч нэг бичээд суухыг бодсонгүй, жинхэнэ зоригтон, тулааны хамгийн халуун цэгт очиж үүрэг гүйцэтгэхэд бэлэн, ингэж ч хүсдэг байжээ. Энэ эр зориг нь хожмоо түний улс төрийн замналд нь тун их хэрэг болсон байна.

Уинстон Черчиллийн хэл яриа гажиг

Цэргийн алба хааж дуусаад Черчилль өөрийгөө улс төрд бэлтгэж эхэлсэн байна. Тэр юуны өмнө өөрийнхөө дутагдалтай талууд дээр ажиллаж эхэлжээ. Тэр нь тийм ч цөөн биш байлаа. Черчилль олны дэмжлэгийг хүлээхийн тулд тодорхой чанарууд эзэмших ёстой гэдгийг сайн ойлгож байлаа. Гадаад төрх ч чухал гэдгийг мэдэж байсан ч энэ талаар түүнд давуу тал байсангүй, Нуруугаар нэг их өндөр биш, нэг их таатай төрхтэй байгаагүй юм. Хамгийн гол түүний дутагдал бол бүр багаасаа л тультраа байсан явдал байв. Черчилль мэргэжилтнүүдэд хандаж, олон цагаар ярианы дасгал хийж, уран илтгэгчдийн бичлэг илтгэлийг судалж эхэллээ. Сайн илтгэгч болохын тулд хичээсэн нь талаар өнгөрсөнгүй, ярианыхаа гажгийг засаж чадсан байна.

Уинстон Черчилийн улс төрийн замнал

Черчилль нэрд гарч, олон түмний хайр талархал хүлээсэн нь англо-бурын дайнаас үүдэлтэй. Тэгэхэд тэр хуягт галт тэрэг хамгаалахад эр зоригтой тулалдан, олзлогдож, дараа нь оргож гарсан байна. Энэ явдал Английн хэвлэлээр түгж түүний эх оронч зүтгэлийг олон түмэн нааштайгаар үнэлж дэмжжээ. Энэ алдаршсан нэрээрээ тэр чу­хам төлөөлөгчдийн танхимын сон­гуульд амархаан ялсан байна. Эн­дээс л залуу улстөрч өөрийн хүлээн зөвшөөрдөггүй консерватив эрх баригчдыг айж эмээхгүйгээр шүүм­жилж байгаад дөрвөн жил өнгөрөхөд либерал намд элссэн байна.

1905 оны эцэс гэхэд тэр ко­лонч­­лолын асуудал эрхэлсэн дэд сайд болжээ. Ингээд 1908 он гэхэд Худалдаа аж үйлдвэрийн сай­даар томилогдлоо. Энэ албан тушаалд байхдаа тэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажиллах жилийн та­лаарх хууль тогтоомжийг гаргуулсан байдаг.

Дараа нь тэр Дотоод хэргийн сайдаар ажиллаж энэ хугацаанд гадаад улс төрийн бодлогод идэвх­тэй оролцож байлаа. Иймдээ ч тэр Германтай харилцаа хурцдаад ирэх үед бүс нутаг дахь цэргийн нөхцөл байдал, оролцооны талаарх баримт бичиг бэлтгэж Ерөнхий сайдад өгсөн байна. Түүний боловсруулсан баримт бичиг Ерөнхий сайдад таалагдаж түүнийг 1911 онд Английн тэнгисийн цэргийн хүчний адмиралейств гэдэг захиргааны анхны лордоор томилсон байна.

Дэлхийн нэгдүгээр дайн

Дэлхийн нэгдүгээр дайны жилүүдэд Черчилль цэргийн ажиллагааны судсыг барьж байлаа. Англи улс дайнд орохоос бүр өмнө ч Черчилль усан флотыг цэргийн байрлалд оруулчихсан байсан юм. Тэр байлдааны ажил­лагаанд биечлэн оролцож анх­ны танк хийх хороонд орж ажиллаж байлаа. Дарданеллийн хоолойг эзлэх холбоотны цэргийн ажиллагааг тэр санаачилж энэ нь ч амжилттай болсноор лордын гавьяаг цуурайтууллаа. Улмаар 1917 онд түүнийг Зэвсэгт хүчний сайдаар томил­лоо. Хоёр жилийн дараа гэхэд тэр цэргийн хэргийн болон хатан хааны тэнгисийн цэргийн сайд болсон байлаа. Тэр большевизмын эсрэг хатуу байр суурьтай байж, Орост зөвлөлт засаг тогтоход аль болох саад хийх, Орост интервенц хийхийг дэмжиж байсан юм.

Черчилль Дэлхийн хоёрдугаар дайн

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх хүртэл Черчилль Сангийн сайдын ажил хийж байлаа. Санхүүгийн асуудал түүнд ойр биш нэг л амжилттай байсангүй. Харин тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд Английн ерөнхий сайдын хувьд нэрээ мөнхөлж үлдээсэн юм. Түүнийг Английн ерөнхий сайдын суудалд нам нь нэр дэвшүүлж олонхын санал авсандаа ч биш харин өөрийнхөө хувийн чанараараа тодорсон байна.

Дэлхийн хоёрдугаар дайн Уинстон Черчиллийн хувьд улс төрийн хувьд дүүрэн амжилтын жилүүд нь байсан юм. Тэр Гитлерийн эсрэг холбоотны эвслийг үндэслэгчдийн нэг байлаа. Шинэ ерөнхий сайд тэрбээр Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг бий болгосон байна. Иймдээ ч тэрбээр дайны жилүүдэд хүн амынхаа олонхийн дэмжлэгийг хүлээж чадаж байсан юм. Түүний талд английн хүн амын 84 хувь нь байлаа.

Черчиллийн улс төрийн замналын төгсгөл

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Черчилль улс орондоо хоёрдугаар зэргийн хүн боллоо. Юун түрүү эдийн засгийн хүндрэл нөлөөлснөөр ээлжит сонгуульд тэр ялагдсан юм. Ингээд тэр улс төрөөс зайгаа барьж утга зохиолынхоо ажлаар оролдож эхэлжээ. Энд тэр “Англи хэлтэн ард түмнүүдийн түүх” бүтээхийн зэрэгцээ Дэлхийн хоёрдугаар дайны тухай дурсамжаа бичсэн байна. Түүний бүтээлүүд олны талархал хүлээж Нобелийн утга зохиолын шагнал хүртсэний зэрэгцээ тэр бас уран зураг сонирхож олон бүтээл туурвисан байдаг.

1946 онд Уинстон Черчилль Зөвлөлт холбоот улсыг олон улсын тавцан дахь хүндрэлийн төлөө ил тод буруутгасан үгээ хэлсэн байна. Хэдхэн хоногийн дараа Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины олон улсын байдлын талаарх ярилцлага “Правда” сонинд гарснаар “Хүйтэн дайн”-ы суурийг тавьсан түүхтэй. Фэлтонд Черчиллийн хэлсэн үг чухамдаа зөвлөлтийн талынханд шалтаг болсноос биш тухайн үед тэр төрийн ямар ч албан тушаал хашихгүй л байсан л даа.

Сүүлчийн жилүүд

Насны хувьд залуу биш, тэгээд ч архи, тамхи байнга хэрэглэдэг түүний бие аажмаар муудаж байлаа. 1949 онд зүрхний хөнгөн шигдээс боллоо. Гэхдээ тэр шантарсангүй дараа жил нь болсон сонгуульд нэр дэвшиж дахиад ерөнхий сайд болов. Гэвч бие нь улам муудаж байсан ч чөлөөлөгдөхийг хүссэнгүй, лордуудын танхимын суудлаасаа ч татгалзаагүй юм. Ингэсээр 1955 онд л 80 насандаа жинхэнээр чөлөөлөгдсөн байна.

Тэр анхны шагналаа 24 насандаа авч байсан бол нийтдээ Их Британийн 20, гадаадын 21 хүндэт шагнал хүртсэн юм.

Уинстон Черчилль 1965 оны нэгдүгээр сарын 24-нд 90 насандаа зүрхний шигдээсээр өөд болоход оршуулахад нь их буугаар 90 удаа буудаж ёслон, хатан хааны гэр бүлийнхэн, засгийн газрын бүх гишүүд оролцсон бол дэлхийн 112 улс энэ аугаа хүнийг сүүлчийн замд нь үдэхээр төлөөлөгчөө явуулсан байдаг.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • НАМСРАЙ (103.240.240.73)
    НАМАГТ ШИГДСЭН БАЙХАД НЬ ГАРГАЖ ӨГСӨН ХҮН ХЭН БЭ ГЭЭД МАШ СОНИРХОЛТОЙ ТҮҮХ НЬ АЛГАА ХӨ
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 3 цаг 15 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 3 цаг 17 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 3 цаг 19 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 3 цаг 20 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 3 цаг 21 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 3 цаг 25 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 3 цаг 26 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top