Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас дэлхий дахинд хоригдож буй 27 эмэгтэй сэтгүүлчийг онцолж байна. Тэдний зарим нь хүнлэг бус нөхцөлд хоригдож байгаа бол зарим нь бэлгийн дарамт, эрүүдэн шүүлтийн хохирогч болоод байгаа билээ. Иймд тэднийг нэн даруй, хариу нөхцөлгүйгээр суллахыг Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллага уриалж байна.
Сэтгүүл зүйн салбарт улам олон эмэгтэй хөл тавихтай зэрэгцэн дарангуйлалт дэглэмийн хэрцгий мөрдлөг, хавчлагын золиос болох хүмүүсийн тоо ч нэмэгдсээр. Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын бүртгэснээр 2019 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нийт 334 сэтгүүлч шоронгийн хаалга татсанаас 27 буюу 8% нь эмэгтэйчүүд байна. Одоогоос таван жилийн өмнө энэ тоо гурван хувьтай байсан юм. Хорионд буй эдгээр эмэгтэй сэтгүүлчийн дийлэнх нь Иран болон Хятадад байгаа бөгөөд үүний араас Турк улс бичигдэж байна. Тус улсын хувьд Курдийн нэрт сэтгүүлч, уран бүтээлч Зэхра Доганыг сулласан хэдий ч өөр дөрвөн эмэгтэй сэтгүүлчийг торны цаана хорьж байгаа билээ. Дээр дурдсан гурван улсаас гадна Саудын Арабт гурав, Вьетнамд хоёр, Египет, Бахрайн, Сири, Нигарагуад тус тус нэг эмэгтэй сэтгүүлч хоригдож байна.
ТЭД БИЧСЭН ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ БАЙ БОЛЖ, ХАМГИЙН ХҮНД ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН
Өөрсдийн нийтлэл, нийгмийн сүлжээнд илэрхийлсэн үзэл бодлынхоо улмаас эрх мэдэлтнүүдийн бай болж буй тэд ихэнхдээ “Террорист суртал ухуулга” эсвэл “Террорист бүлэглэлийн гишүүн” гэсэн зүйл ангиар яллуулж байна. Энэ бол Турк, Египетийн жишээ. Тэгвэл Саудын Арабт “Гадаадын хуулийн этгээдтэй сэжигтэй холбоотой” гэх зүйл ангиар яллаж байгаа юм. Хэдийгээр эдгээр зүйл анги нь тодорхой бус, нотлогдох боломжгүй ч энэ төрлийн ялыг урт хугацаагаар шоронд хорихын тулд ашиглаж байна. Иранд л гэхэд сэтгүүлч, хүний эрхийн хамгаалагч Наржес Мухаммади болон Paineveste блогийн редактор Хенгамех Шахиди нарыг “Үндэсний аюулгүй байдал, Исламын бүгд найрамдах улсын эсрэг хуйвалдсан”, “Шүүх засаглалын тэргүүнийг доромжилсон” гэх үндэслэлээр 10 болон 12 жилийн хорих ялаар тус тус ялласан юм. Мөн 2014 онд Иран, Британийн давхар иргэншилтэй Рояа Сабери Нигад Нобахтыг Фэйсбүүкт нийтэлсэн зүйлийнх нь төлөө анх 20 жилийн хорих ялаар шийтгэж байсан бөгөөд сүүлд ялын хугацааг нь таван жил болгон бууруулсан байдаг.
БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ
Зарим оронд шударга ёсны дуу хоолойг боохын тулд боломжит хамгийн удаан хугацааны хорих ялыг ногдуулахаасаа огт цааргалахгүй байна. Үүний тод жишээ бол Хятад улс юм. Одоогоос есөн жилийн өмнө буюу 2010 онд Уйгур дахь лалын шашинтнуудын нэг, Salkin мэдээний сайтын редактор Гульмира Иминд “Салан тусгаарлах үзэл”, “Төрийн нууц задруулсан” гэсэн шалтгаанаар бүх насаар нь хорих ял оноосон билээ.
Мөн Туркт 2016 оны долоодугаар сард буюу төрийн эргэлт хийх ородлогын өмнөх өдөр телевизийн өргөн нэвтрүүлгээр Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилсэн 74 настай сэтгүүлч Назли Илличакт “хүндрүүлсэн” зүйл ангиар бүх насаар нь хорих ял оноосон юм. Энэ нь хамгийн харгис хэлбэрийн тусгаарлалттай хорих ял бөгөөд ямар ч чөлөө, өршөөл үзүүлэх боломжгүй аж.
Үүнтэй холбогдуулан Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Өнөөдөр 27 эмэгтэй сэтгүүлч зоригтойгоор дуугарч, бичсэн зүйлийнхээ төлөө эрх чөлөөгөө хасуулаад байна. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлсэнгүй. Тэдний дийлэнх нь шударга бус, тохироогүй ялын хохирогчид юм. Тэд эрэгтэй сэтгүүлчдийнхээ адил шоронгийн хамгийн харгис нөхцөлд хоригдож, зарим тохиолдолд эрүүдэн шүүлт, бэлгийн дарамтын золиос болж байна. Тиймээс НҮБ эдгээр хэрэгт анхаарлаа хандуулахыг яаруулахын зэрэгцээ тэднийг нэн даруй суллахыг бид уриалж байна” гэж мэдэгдлээ.
“ХҮНЛЭГ БУС” ОРЧИН
Эрэгтэй сэтгүүлчдийн адилаар эмэгтэйчүүд ч туйлын хэрцгий нөхцөлд ийнхүү хоригдсоор байна.
Никарагуагийн “100% Noticias” телевизийн сувгийн Мэдээний албаны захирал Луция Пинеда Убау нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцсээр эмэгтэйчүүдийн хорих руу шилжихээсээ өмнө Манагуа дахь өндөр хамгаалалттай Эль Чипоте шоронд 41 хоног саатуулагдсан юм. Пинедаг эргэсэн Европын парламент дахь Португалийн төлөөлөгч Хосе Инацио Фариагийн хэлж буйгаар дарангуйлагч асан Сомозагийн гэр бүл тус шоронд өөрсдийн улс төрийн хоригдлуудаа эрүүдэн шүүж байсан “хүнлэг бус” орчинтой аж.
Түүнчлэн цагаач ажилчдыг хамгаалсан Вьетнамын блогч Тран Ти На нь зургаан сар гаруйн хугацаанд тусгаарлалтад байж байгаад 2017 оны долоодугаар сарын 25-нд “Төрийн эсрэг суртал ухуулга” гэсэн үндэслэлээр есөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Түүний хувьд “Гэмээ хүлээхээс татгалзсан” гэсэн шалтгаанаар бүх харилцаа холбоог нь тас хорьсон байсан ба өмгөөлөгч нь шүүх хурлын өмнө ганцхан удаа л уулзсан байна. Тран Ти Нагийн биеийн байдал цаг хугацаа өнгөрөх тусам улам муудаж байсныг тухайн үед өмгөөлөгч нь олон нийтэд зарласан билээ.
Харин Иранд бол шоронд хоригдогсод нь эмнэлгийн зохих тусламж авч чаддагүй. Тус улсын хамгийн муу шоронгуудын нэг болох Герчакт таван жилийн хорих ял эдэлж буй, Сүфи үзлийг дэмжигч Majzooban Noor сайтын сэтгүүлчид болох Сепидэх Моради, Авиша Жалаледин, Шима Энтесари нарын эмэгтэйчүүдийн хувьд ч нөхцөл байдал ижил байна. Тегеранд байрлах муу нэрт Эвин шоронд ч эмнэлгийн зохих тусламжийг хорьсоор байгаа юм. Тиймээс Иранд ял эдэлж буй эмэгтэй сэтгүүлчид шоронгийн харгис нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ ихэнхдээ хангалтгүй байгааг эсэргүүцэхдээ өлсгөлөн зарлах байдлаар амь насаа эрсдэлд оруулсаар байна.
Иран дахь эмэгтэй хоригдлууд эрэгтэйчүүдээсээ илүүтэй өвддөг болохыг НҮБ-ын хэд хэдэн тайланд баталсан байдаг. Ираны нийгмийн хэт хуучинсаг үзэл болон мэдлэгтэй хүмүүс, Исламын дэглэмийг шүүмжилэгчдийг үзэн ядах уламжлал зэргийн улмаас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ангид үзэх болсон нь эмэгтэй хоригдлуудын хувьд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Наржес Мохаммадигийн нөхөр Таги Рахмани “Эрүүл ахуйн нөхцөл байдал эрэгтэйчүүдийн хувьд хангалттай муухай байгаа. Ингэхээр эмэгтэйчүүдийн хувьд илүү аймшигтай байх нь тодорхой” хэмээн хэлсэн.
ЭРҮҮ ШҮҮЛТ, ДОРОМЖЛОЛ, БЭЛГИЙН ДАРАМТ
Бүхий л бусармаг муухайн золиос нь эмэгтэйчүүд болж байна. Гульмира Иминий хувьд ч ялгаагүй эрүүдэн шүүгдэж, өмгөөлөгчтэйгөө уулзах боломжгүй байсаар баримт бичигт гарын үсэг зурав. Эмэгтэйчүүдийн хувьд эрүү шүүлтэд хүчирхийлэл, бэлгийн дарамтын заналхийлэл ч багтаж байгаа.
Шорок Амжад Ахмед аль Саяэдын гэр бүлийнхний хэлж буйгаар гэрэл зургийн залуу сэтгүүлч тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд Египетэд баривчлагдсан бөгөөд тухайн үедээ ухаан балартатлаа зодуулж, хүчирхийллийн золиос болно гэсэн заналхийллийн улмаас байцаалтынхаа үеэр хүчээр хэрэг хүлээсэн юм. Хуулиас гадуурх Лалын ахан дүүст харьяалагдах цахим хуудсыг нийтийн хэв журмыг алдагдуулахын тулд үүсгэн байгуулсан гэж мэдүүлсэн байдаг.
Саудын Араб дахь хоёр сэтгүүлчийн хувьд байдал мөн л ноцтой байна. Тухайлбал, Saudiwoman гэсэн нэрээр блог хөтөлдөг Эман аль Нафжан, The Arab Noon болон өөр цахим хуудаснаа бичдэг Ноуф Абдулазиз Аль Жерауи нарыг дурдаж болно. Al-Qst ТББ-ын мэдээлснээр тэд 2018 оны хавар болсон баривчилгааны дараах эрүү шүүлтийн золиос болсон хэд хэдэн эмэгтэйтэй хамт байсан аж. Тухайн үед тэдний зарим нь бэлгийн дарамтад өртөхийн зэрэгцээ хүчээр нүцгэлж, бие биеэ тэврэн гэрэл зургаа авахуулахад хүрч байв.
СААТУУЛАГДАН АЛГА БОЛОВ
Нафжан болон Жерауид яг ямар ял ногдуулж буй талаар Саудын Арабын эрх баригчид мэдээлээгүй. Дэлхийн бусад оронд шүүхээр оролгүй хоригдож буй зургаан эмэгтэй сэтгүүлч байгаагийн зарим нь гэр бүлээсээ бүр холбоо тасарчээ. Хятадад л гэхэд 2015, 2016, 2017 онд тус тус баривчлагдсан Зан Жисин, Чин Чао, Ли Шиасиу нарын эмэгтэй сэтгүүлчдэд чухам юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй байна.
Баривчилгааны дараа ор сураггүй бологчдын нэг нь Сирийн блогч Таль аль-Малоухи. Тэрбээр 2011 онд таван жилийн ял авсан бөгөөд өдийд суллагдах хугацаа нь өнгөрсөн ч хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. 2009 онд баривчлагдахдаа Таль аль-Малоухи дөнгөж 18 настай байсан ба торны цаана суусан хамгийн залуу эмэгтэй сэтгүүлч болсны зэрэгцээ хамгийн олон жил хоригдсон нэгнээр тэмдэглэгдээд буй. Түүнийг хамгийн сүүлд 2016 онд Дамаск дахь мужийн шоронд шилжүүлэхэд нь л харсан байдаг.