АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг шинэ мөрдлөг шалгалтын ажиллагааг эхэллээ. Энэ ажиллагааг Ардчилсан намын Жеррольд Надлер тэргүүтэй төлөөлөгчийн танхимын Хууль зүйн хорооноос явуулах юм байна.
Хорооноос Доналд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига авсан, хууль шүүхийн ажиллагаанд саад учруулсан гэж сэжиглэж байна. Даваа гаригт парламентын мөрдлөг шалгалтын хүрээнд 80 гаруй байгууллага, албан тушаалтнуудаас хүсэлт хүлээн авчээ.
Үүнээс гадна Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хороо, Улсын шинэчлэлийн хороо, Олон улсын хэргийн хорооны тэргүүнүүд Цагаан ордны засаг захиргааны тэргүүнд Трампын Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээрийн тухай мэдээллийг гаргаж өгөх хүсэлтийг тавьсан байна.
Харин Цагаан ордноос АНУ-ын конгресс дэх Ардчилсан намын гишүүдийг Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг шинээр мөрдлөг, шалгалтын ажиллагаа явуулах болсныг “гутамшигтай”, “доромжилсон” үйлдэл хэмээн үзжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдсэн байна.
Тэрбээр хэлэхдээ, Надлер “гутамшигтай, доромжилсон мөрдлөг шалгалтын хэрэг”-ийг нээж байна. Энэ нь “Оростой хуйвалдсан” гэх хоёр жилийн худал хуурмаг түүх нь нуран уначих вий гэсэн ардчилагчдын айдастай холбоотой.
Үүгээрээ тэд Америкийг социалист улс болгох, хүүхдүүдийг төрснийх нь дараа хөнөөх, Америкийн ажлын байруудыг үгүй хийж, дампууруулах “шинэ ногоон гэрээ”-ний асуудлаас олны анхаарлыг сарниулах зорилготой гэжээ. Харин Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооны тэргүүн Жеррольд Надлер “Трамп хараат бус прокурор Роберт Мюллерийн мөрдөх ажиллагааг “шулмын ангуучлал” гэж 1000 гаруй удаа нэрлэсэн, Холбооны мөрдөн байцаах товчооны захирал Жеймс Комиг ажлаас нь халсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флиннийг “хамгаалах гэж оролдсон”. Энэ бүгд хуулийн үнэн зөв ажиллагаа явуулахад саад учруулсан” гэж мэдэгдсэн байна.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Конгрессийн Төлөөлөгчийн танхимын Хууль зүйн хорооны тэргүүний явуулах гэж байгаа мөрдлөг шалгалтын ажиллагаа нь конгрессийн гишүүдээс харилцаагаа таслах шалтгаан биш гэж мэдэгджээ.
mnb.mn