Хууль зүйн яамны сүүлчийн судалгаагаар Германы Холбооны 16 нутаг орны шоронгуудад гадаад хүмүүсийн эзлэх хувь эрчимтэйгээр өсч байна. Берлин болон Гамбургийн шоронгуудад хоригдож байгаа хоригдлуудын 50 гаруй хувийг гадаадынхан эзэлж, шоронгийн систем дэх Исламистуудын тоо ч ихээр нэмэгджээ.
"Rheinische Post" хэвлэлийн мэдээгээр, гадаадын хоригдлуудын тоо канцлер Ангела Меркель Германд сая гаруй Африк, Ази, Ойрхи Дорнодын уригдаагүй зочдыг оруулсан 2015 оноос хойш эрс нэмэгдэж эхэлсэн байна.
Холбооны баруун талын нутаг оронд гадаадын гэмт хэрэгтнүүдийн эзлэх хувь 2016 оноос хойш Гамбургт 55- 61, Берлинд 43-51, Баден-Вюртембергт 35-41, Бременд 33-36 хувь, Хойд Рейне-Вестфалид 28-34, Шлезвиг-Гольштейнд 29-33, Доод Саксонид 26-30, Рейнланд-Пфальцед 24-27, Гессенд 44,1-44,6, Баварид 31-45 хувь хүртэл тус тус нэмэгджээ.
Энэ үзүүлэлт холбооны зүүн нутагт ч өсч байна. Саксонид тэдний тоо хоёр дахин нэмэгдсэн ба гэмт хэрэгтнүүдийн ихэнхийг Польш, Тунис, Ливи, Чех, Гүржийн цагаачид бүрдүүлж байна. Мекленбург-Урд Померанид 66 улсын 160 хүн хоригдож байна. Шоронгийн хоригдлууд дунд мусульмануудын тоо дийлэнх болоод байгаа гэнэ. Дүрвэгсдийн урсгал орж ирсний дараа Германы 82 сая иргэний долоон хувь буюу зургаан сая нь Исламчууд болсон байна. Германы 65 мянган хоригдлын 20 хувь нь Мусульманууд болжээ.
Зарим нутаг дэвсгэрт Мусульманчууд хоригдлуудын бараг 30 хувь болсон бөгөөд шоронгууд дүүрч, тэнд ажиллагчдын тоо хомсдолтой байна. Дээр нь Германы шоронгуудад 300 орчим Исламын хэт даврагчид байгаа ба дахиад 350 Исламистуудыг баривчлахаар ордер өгөгдсөн байгаа гэнэ. Тэднийг бусад хоригдлуудаас тусгаарлан хорьдог байна.
Шоронгийн зарим байрууд нурах аюултай болсон, асбестын хордлого зэргээс болж одоогоор гурван тэрбум еврогийн зарлага хэрэгтэй болоод байгаа аж. Хэл ойлголцохгүй учир хоригдлууд болон харгалзагч нарын хооронд асуудал их гардаг байна. Үүний улмаас шоронгийн ажилтнуудад халдах явдал ч газар авч эхэлжээ.
М.Цогт