TikTok нь хүүхэд залуучуудын дунд түгээмэл хэрэглээ болсон, IOS, Android утастай хүн бүр хэрэглэх боломжтой аппликэйшн юм.
Хэрэглэгчдэд TikTok нэрээр танигдсан Musical.ly аппликэйшнийг Хятадын ByteDance эзэмшдэг бөгөөд анх 2014 онд хэрэглээнд нэвтрүүлж байжээ.
АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (FTC)-оос TikTok аппликэйшн нь Хүүхдийн онлайн хамгааллын тухай хуулийг зөрчиж, 13-аас доош насны хүүхдүүдийн мэдээллийг цуглуулсан хэмээн буруутгаж 5.7 сая долларын торгууль ногдуулсан байна.
Холбооны Худалдааны Комиссын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах товчооны дарга Эндрью Смит “Компанийн зүгээс уг аппликэйшнийг 13-аас доош насныханд зориулаагүй гэж байгаа ч энэ нь тэднийг зөвтгөх шалтгаан болохгүй” гээд хүүхдүүдийн хувийн мэдээллийг устгахыг хүссэн эцэг эхчүүдийн хүсэлтийг хүндэтгэн үзээгүй, зарим хаягийг устгасан ч хүүхдүүдийн хийсэн видео бичлэг, профайл хаягийн мэдээллийг сервертээ хадгалж үлдсэн хэмээн шүүмжилсэн байна.
Торгууль ногдуулсантай холбоотойгоор компанийн зүгээс хүүхдүүдэд зориулсан тусдаа аппликэйшн хувилбар нэвтрүүлэхээр болсон тухай зарласан байна. Ингэснээр хүүхдүүд бусад хүмүүсийг видеог үзэх боломжтой боловч өөрийн видеогоо хуваалцах, сэтгэгдэл бичих, хувийн профайл үүсгэх, бусад хүмүүс рүү зурвас илгээх боломжгүй болох юм байна.
Аппликэйшнийг бүтээгчид 2017 оноос хойш 13-аас доош насны хүүхдүүдийг TikTok ашиглахыг албан ёсоор хориглосон ч бодит байдал хэрэгжэхгүй байгаа юм. TikTok видео аппликэйшн нь 1 тэрбум орчим таталттай, 200 гаруй сая хүн идэвхтэй хэрэглэдэг байна.