Энэ жил Оросын арми Т-14 "Армата" маркийн 12 танк, засвар, үйлчилгээний дөрвөн хуягт машин (БРЭМ) Т-16 зэргийг зэвсэглэлдээ авна гэж БХЯ-ны эх сурвалж мэдээлжээ.
Үйлдвэрийн дамжлагын машинууд нь анхны загваруудаас огт өөр. Туршилтын дагуу сайжруулагдсан техникүүд Ялалтын баярын парадад оролцох аж. Эдгээр танкуудыг янз бүрийн бүсийн цэргийн ангиудад тараан нийлүүлээд туршилтын ажиллагааны сүүлчийн шатыг гүйцээхээр болсон байна. Мөн тэднийг бие бүрэлдэхүүний сургалтад ашиглах юм.
"Ерөнхийдөө хөдөлгүүр, онилох төхөөрөмж, байлдааны сум хэрэгслийг нь гүйцээн төгсжүүлэхээр ажиллах болно. Танкийн бууны байлдааны шинэ цэнэгийг бүтээх шаардлагатай" хэмээн "Арсенал Отечества" сэтгүүлийн редактор онцолжээ.
Мөн Ерөнхий сайдын орлогч Юрий Борисов мэдэгдэхдээ, Оросын Зэвсэгт хүчин Т-14 "Армата" танкийг өөрийн өртөг ихтэй учраас бөөнөөр худалдан авах сонирхолгүй, зэвсэглэлд байгаа танкуудыг сайжруулах замаар хуягт техникийн хүч чадлыг нэмэгдүүлнэ гэжээ.
М.Цогт